Гэмтэл согог судлалын үндэсний төвд 16-аас дээш насныхныг сайн дурын хөтчөөр ажиллуулахаар болжээ. Тодруулбал, оргил ачааллын буюу зуны улиралд осол, гэмтэл ихсэж байгаатай холбогдуулан Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасгаар иргэд, олон нийтийг үйлчилгээ авах явцад гарч буй хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд сайн дурын хөтчөөр ажиллуулах юм.
Амбулаторийн тасагт, ажлын өдрөөр өглөө 08-12 цагийн хооронд ажиллах бол, яаралтай тусламжийн тасагт орой 17-21 цагийн хооронд ажиллана. Өчигдрийн тоон мэдээгээр үйлчлүүлсэн хүний тоог авч үзвэл хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар 580, хэвтэн эмчлүүлсэн 547, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 24 хүн, нийт мэс заслын тоо 11 байжээ.
Сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага:
- 18 нас хүрсэн байх (16, 17 настай бол асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас бөглүүлэх)
- Хариуцлагатай, харилцаа, хандлага сайтай байх
- Гэр ойр эсвэл олон дамжихгүй байх
Сайн дурын ажилтнаар ажилласнаар ГССҮТ болон Eejii.org Монгол дахь хүмүүнлэгийн сангийн хамтарсан сайн дурын ажлын тодорхойлолт авах боломжтой аж. Сайн дурын ажилтныг энэ сарын 06-21-ний өдрийг дуустал бүртгэх юм.