Дэлхий даяараа хүйсийн тэгш төлөөллийг эрхэмлэж байгаа энэ үед манай хууль тогтоомжууд ч харьцангуй хүйсийн мэдрэмжтэй батлагдсан. Дагаад улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, төлөөллийг хангахын тулд алхам хийж эхэлж байна. Томоохон намуудын хувьд боловсон хүчний нөөц сайн, харин сонгууль дөхөж ирээд амилдаг намууд нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд даашинзтай улстөрчдийн эрэлд мордсон талаар хэвлэлүүд бичиж эхлэв. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийг эрх мэдэлд хүргэх тухай асуудал биш харин хүний эрх, хүйсийн тэгш оролцоог хангах явдал гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Хүний эрхийн мэдрэмжийн тухай ойлголт бүхий л салбарт баттай сууж байгаагийн нэг жишээ бол утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ жилээс эхлэн “Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл”-ийг шалгаруулах болсон явдал юм. Дүрээр дамжуулж нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлж байдаг зохиолч, яруу найрагчид хүний ялгаатай байдлыг хүндэтгэх, нас, хүйс, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэхгүй байх үүрэг, хариуцлага хүлээсэн улс.
Зохиолчид хүний эрх, хүйсийн мэдрэмжтэйгээр зохиол бүтээлээ туурвих тал дээр илүүтэй суралцаж, Монголын Зохиолчдын нэгдсэн эвлэлээс энэ чиглэлийн бүтээлүүдийг шалгаруулж шагнаж эхэлсэн гэдэг нь үе үеийн уран бүтээлчдийн дэвшилтэт үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг энэ цагийнхан залгамжилж байна гэсэн үг билээ.
“Алтан Өд” наадмын “Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл”-ийн төрөлд Б.Мандухайн “Парламентад хүрэх мянган алхам” бүтээлийн орчуулга болоод Каролин Криадо Перезийн “Үл үзэгдэгч эмэгтэйчүүд” номын орчуулагч Д.Оргил, Б.Дуламхорлоо нар шалгарсан байна. Энэхүү төрөлд “Алтан өд”-ийг анх удаа олгосон бөгөөд цаашид уламжлал болгох боломжтойг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид” төслийн үндсэн зохицуулагч О.Энхжавхлан онцолжээ.
“Парламентад хүрэх мянган алхам” нь АНУ-ын Массачусетсийн технологийн институтын антропологийн профессор, монгол эрдэмтэн Б.Мандухайн бүтээл юм. Уг бүтээл нь 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн удаагийн сонгуулийн хугацааг дамнан эмэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажлын үйл явцад ажиглалт, судалгаа хийсэн антропологийн судалгааны бүтээл ажээ.
“Үл үзэгдэх эмэгтэйчүүд” номонд эмэгтэйчүүд хувийн амьдрал хийгээд ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо гэхчлэн нийгмийн бүх л талбарт өгөгдлийн цоорхойн улмаас хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртдөг, ямар бэрхшээлтэй нүүр тулдаг талаар их хэмжээний баримт, судалгаан дээр тулгуурлан өгүүлдэг байна.