Сүүлийн үед төрийн өндөр албан тушаал төдийгүй төрийн хараат бус байгууллагуудын удирдах түвшний томилгоонууд анхаарал татаж, нам дарга дагасан биш ур чадвартай хүмүүс томилогдох болсонд олон нийт сайшаалтай хандаж байгаа нь анзаарагдаж байна.
Өнгөрөгч лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянга гэх эмэгтэйг томилсон байна. Б.Уянга нь 1986 онд төрсөн бөгөөд АНУ, Японы их сургуулиудад судлаачаар ажиллаж байсан, геологийн мэргэжлээрээ төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан нэгэн ажээ.
Мөн оны өмнөхөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэг тодорсон бөгөөд түүний өмнөх дарга Р.Онончимэг тус байгууллагын даргаар ажилласан анхны эмэгтэй байсан бол үүрэгт хугацаа нь дуусахад ажлыг нь авсан хүн мөн эмэгтэй хүн байгаа нь бүх салбарт ур чадвараараа эмэгтэйчүүд хүч хүч түрэн орж ирж байгааг харуулж байна.
Гэхдээ энэ нь тэгтэл гайхаж хүлээж авах зүйл биш бөгөөд томилгоо ийнхүү боловсрол, туршлагад үндэслэж явагддаг жишиг тогтвол төрийн чадамж дагаад нэмэгдэх нь гарцаагүй юм.
Дээрх томилгоонуудаас өмнөхөн буюу өнгөрсөн оны сүүлээр төрийн хараат бус байгууллагуудын удирдах түвшний нэлээд хэд хэдэн томилгоо болсон билээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Тухайн үед ор гарсан албан дээр гурван хүн томилсны хоёр нь эмэгтэй байсан нь анхаарал татаж байв. Хуульч Л.Өлзийсайхан нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан анхны эмэгтэй байсныг тухайн үедээ хэвлэлүүд онцолж байлаа.
Түүнчлэн ХЭҮК-ийн даргаар Д.Сүнжид томилогдсноос гадна Төрийн албаны зөвлөлийн гишүүн Л.Цэдэвсүрэн, Шүүхийн сахилгын хорооны гишүүд гээд боловсрол, туршлага, мэдлэг чадвартай эмэгтэйчүүдээр төрийн алба, төрийн хараат бус байгууллагууд хүч сэлбэсэн.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Л.Цэдэвсүрэн
Урьд өмнө нь аливаа томилгоо хаалттай, далд явагддаг байсан үед улстөрчидтэй ойр, улс төрийн намын, шалгуур хангаагүй, тэр дундаа эрэгтэй хүйсийн голдуу хүмүүс томилогддог байсан нь нууц биш. УИХ-ын нээлттэй сонсгол, нээлттэй сонгон шалгаруулалтын механизмийг бүрдүүлснээр эдгээр өндөр албан тушаалтнууд мерит зарчмаар буюу мэдлэг туршлагад үндэслэн хийгдэж байна гэж харж болохоор байна. Эмэгтэйчүүд боловсрол өндөр, зарчимч, үүрэгт ажлаа сайн гүйцэтгэдэг ч шийдвэр гаргах түвшинд оролцоо нь тааруу байсаар ирсэн. Харин бүх зүйл нээлттэй ил тод болоод ирэх цагт мэдлэг, ур чадвараараа үнэлэгдэн ийнхүү эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.