Элэг нь маш эмзэг эрхтэн. Биед ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж, хорыг саармагжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний биеийн эрхтэн дотор элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн байхгүй. Яг нь бие дотор байгаа лаборатори гэсэн үг. Элэг өвчлөхөд дотор эрхтнүүдийн өвчин сэдэрч үйл ажиллагаа нь хямардаг. Элэг гэмтэж эхлэхэд бие организм сульдаж, ядрах шинж хамгийн түрүүнд илэрдэг.
Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:
Цэвэрлэх – эм, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хөдлөхөд тусална.
Бодисын солилцоог зохицуулах – элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.
Будагч бодисын солилцоонд оролцох– Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. Иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
Цөс үүсгэх– цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.
Элэг томрох гэдэг нь үрэвсэл явагдаж байгааг илтгэдэг. Томрох тусам баруун хавирганы нум хүндүүрлэх, гэдэс дүүрэх зовиур илэрнэ. Үүнийгээ мэдэлгүй удаан хугацаанд явснаас болж элгэнд том хэмжээний хавдар үүссэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр элгээ жил бүр үзүүлэхэд буруутах зүйлгүй.
Элэг өвчлөх шалтгаан
Элгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол вирус юм. Дэлхийн эрдэмтэд вирусыг хоёр хувааж үздэг.
Нэг. Элгийг сонгомлоор гэмтээдэг вирус
Хоёр. Элгийг дам нөлөөгөөр гэмтээдэг вирус
Ханиад томуу, SARS, ДОХ-ын вирус дам нөлөөгөөр элгийг гэмтээдэг. Элэг тэжээллэг чанар, витамин ихтэй учир түүнд нь вирус үржиж үрэвслүүлдэг.
Элгийг сонгомлоор гэмтээдэг А, B, C, D, E, F, G, TT, Sin гээд 13 вирус байдаг. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Хоёроос гурван хос вирус тээсэн хүн өвчлөл өндөр, хүндрэл ихтэй байдаг. Элгэнд ачаалал , хүндрэл өгдөг зүйл бол архи. Өндөр градустай архи элгэнд муу нөлөөтэй.
Энгийн үгээр ойлгуулж хэлбэл архи элгийг боксын бээлийгээр олон удаа цохиж унагаж байгаатай адил юм. Мөн хүнд металл, хортой нөхцөлд удаан ажиллах нь элгийг маш хүнд гэмтээдэг.
Илрэх шинж тэмдэг
Ядарч, сульдан шалтгаангүйгээр турна. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлэн илрэхгүй. Зарим үед аюулхай дээр ходоод хүчтэй базалж , баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст , тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч , царай харлана. Гэхдээ ийм шинж тэмдэг хүн богонд адил илэрдэггүй. Үүнийг манайхан “Хаврын ядаргаа” гэж андуурч, тоомжиргүй ханддаг. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профины зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Монголчууд элэг муу гээд төмөр ихтэй рашаан уудаг. Энэ нь муу нөлөөтэй. Бодисын солилцоо хямарч байгаа нэг шинж нь царай харлах шүүдээ. Биеэр гардаг ягаан толбон тууралт хүн болгонд заавал гардаг шинж биш.
Шар өвчин, Элэгний өвчний хүндрэл
Шар өвчнөөр хэдий чинээ хүнд өвдсөн байна төдий чинээ элэгний өвчин хүндрэл ихтэй байна. Хоёроос гурван вирусээр өвчилсөн байх нь хүндрэлийн гол шалтгаан болдог. Элэгний дутагдалтай болохыг хүмүүс комд орж, элгээрээ бөөлжлөө гэж ярьдаг. Гэтэл чухамдаа элгээрээ бөөлжиж байгаа юм биш. Элэгний хүнд өвчний үед улаан хоолойн судсууд өргөсдөг. Өргөссөн судсууд хагарч , давсны хүчилтэй урвалд орж , өтгөн кофе шиг зүйлээр бөөлждөг.
Вирусээр өвчилсөн хүн аль болох шүдний чичлүүр, сахлын машин солих, мэс засал хийлгэх, шүдээ эмчлүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Шарласнаас улбаалж олон жилийн дараа элэгний өвчин илэрдэг. Харин шарласны дараа өвчин аажимдаа элэгний хатуурал болж хүндэрдэг.
Элэгний С, В вирусын халдвар
Манайд жилээс жилд халдварт гепатит шар өвчнөөр сургуулийн насны хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгаа. Үүний хажуугаар мансууруулах бодис хэрэглэдэг, өөртөө хар тамхи тарьдаг хүмүүс вирусын халдвар тээж яваа.
С, В вирусыг дотор нь үржлийн, үржлийн бус гэж хуваадаг. Үржлийн бус үедээ бол вирус бэлгийн замаар халддаггүй. Вирус ямар үедээ байгааг өвчтөн лабораторийн аргаар тодорхойлуулбал гэр бүлдээ халдаахгүй байх боломжтой. Харин хүүхдэд цусаар вирус дамжих нь харьцангуй бага. Элэгний вирус хүйгээр , хүйсээр дамжиж халдварлах орчин хомс. Өөрөөр хэлбэл байгалиас заяасан эхэсийн хориг гэж бий. Эхэсийн хоригоор ямар ч өвчин хүүхдэд халддаггүй.
Элэгний цирроз
Цирроз дотроо идэвхтэй, идэвхгүй , хоруу чанартай, хоруу чанар багатай, далд гэсэн таван хэлбэртэй. Эдгээр хэлбэр хүн бүрт өөрөөр илэрнэ. Хэлбэр нь ямар үедээ, идэвхжил нь их, дунд, бага зэрэг байгаа эсэхээс хамаарч эмчилгээ хийгдэнэ. Орчин үеийн эмчилгээ , техник технологийн дэвшил өмнөх үеийнхээс харьцангуй өндөр төвшинд хүрсэн тул ургамал, амьтны гаралтай эм, бэлдмлүүд дэлхийн эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон. Өнөө цагт химийн гаралтай эм, тариа үр дүнд хүргэхгүй.
Элэгний хортой хавдартай хүн хоолны дэглэм барих бус, харин эмчилгээний ямар арга сонгож авсан бэ гэдгээс хамаарч , мэргэжлийн эмчийн хяналтанд байж эмчлүүлэх нь үр дүнтэй. Тэгэхээр элэгний өвчтэй хүн болгонд тохирсон эмчилгээг хийх нь зөв.
Элгэнд сөрөгөөр нөлөөлдөг эм
Парацетамол, сурьеэгийн өвчинд уудаг, мөн жирэмслэхээс хамгаалах, антибиотик, тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг эм элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Парацетомолыг дэлхий дахинд элэг судлаачдын хурлаар болгоомжтой хэрэглэхийг сануулсан. Энэ эм элэгний циррозыг үүсгэдэг төдийгүй парацетамолын цирроз хэмээх бие даасан өвчин үүсгэдгийг шинжилгээгээр баталсан.
Элэг шилжүүлэн суулгах
Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг элэгний архаг дутагдалд орсон , цирроз хавдартай хүнд хийдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараа хүндрэл гарна. Бие махбодь шинэ элэгтэй амархан дасан зохицож чаддаггүй. Тийм учраас дархлаагаа зохицуулах эм уух хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт:
Элгээ эрүүл байлгая гэвэл вирусын халдвар авахгүй байх хэрэгтэй. Элэгний өвчний эмчилгээг зөв хийвэл эдгэрдэг. Хамгийн гол нь дархлаа сайн байх хэрэгтэй.
Элэг нь өвддөггүй эрхтэн бөгөөд гэмтэж, өвчилсөн ч шинж тэмдэг илрэхгүй байх магадлал өндөр байдаг. Элгэнд том хэмжээний хавдар үүссэн байхад ч ямар нэгэн зовиур биед илэрдэггүй байх талтай. Тийм учраас иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээхгүйгээр урьдчилан сэргийлэх үүднээс жилд нэг удаа мэргэжлийн эмчид элгээ үзүүлж, хэвлийн эход харуулж байх хэрэгтэй. В, С вирустэй хүн л элгэний өвчнөөр өвчилнө гэдэг үе өнгөрсөн. В, С вирусээс гадна архи дарсны зохисгүй хэрэглээ, хэвлийн таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ өндөр байгаагаас элэгний өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон.
Сүүлийн үед эмнэлгийн бохир багаж хэрэгслээс гадна найдваргүй газар маникюр, педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учраас жилдээ нэг удаа вирусийн шинжилгээг өгөх нь зөв юм. Хэвлийн хөндий эхо нь дан ганц элэг гэлтгүй дотор эрхтэнг шалгах маш чухал шинжилгээнд ордог. Хэрвээ шинжилгээгээр элэг гэмтсэн, вирустэй гарвал вирусийн идэвжлээ тогтоолгох ёстой.
Элэг нь хүний ходоод гэдсэнд орж байгаа хоол хүнсийг задлаж, хоргүйжүүлж хэрэгтэйг нь авч, хэрэггүйг гадагшуулдаг. Тэгэхээр чухал эртхэнээ мөн хоол хүнсээрээ тэтгэж байх хэрэгтэй. Элгэнд хамгийн сайн нөлөөтэй цөөн тооны бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж занш. Үүнд,
АВОКАДО
Элгэнд сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний хавдраас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимс. Уг жимсэнд глутатион гэх элэгний эсийг хамгаалах, тогтолцоог дэмжих бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ бодис элгийг цэвэршүүлэх нөлөөтэй. Долоо хоногт хоёр удаа хоол хүнсэндээ авокадог хэрэглэснаар элэгний хавдраар өвчлөхөөс сэргийлэх өндөр боломжтой хүнс гэж үздэг.
Саримс нь аллицин болон селен гээд бодисыг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг. Ер нь саримс ганц элэг гэлтгүй бүх эрхтэнд сайн супер хүнс гэгддэг. Гэхдээ дорны уламжлалт ухаанд элэг, цөсний халуун ихтэй хүмүүс саримсыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг учраас монголчуудын хувьд хэрэглээндээ анхаарахад илүүдэхгүй болов уу.
САРИМС
ШАНЦАЙ
Шанцай нь дархлааг дэмжих, хоргүйжүүлэх өндөр үйлчилгээний хүнсний бүтээгдэхүүн. Шанцайг заавал хоол хүнсэнд хэрэглэхээс илүү шүүс болгон хэрэглэвэл вирусийн идэвхжлийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн вирусийн гаралтай ханиад томуунаас сэргийлж шанцайг уулгаж байх хэрэгтэй. Ер нь ногоон ургамлууд ислэг ихтэй учраас элэг болон цөсны замыг цэвэрлэх үүргийг маш сайн гүйцэтгэж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.
Элгийг хоргүйжүүлж, өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй. Тиймээс элэгний өөхжилттэй хүмүүс ногоон цайг хэрэглэх нь үр дүнтэй. Гэхдээ сэрүүн чанартай учраас сэрүүн улирлаас илүүтэй дулааны улиралд тохиромжтой.
НОГООН ЦАЙ
ХУШГА
Хушга нь элгэнд хамгийн их хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-Аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөртэй байдаг тул элгэнд ороод уургийн хүчлийг дэмждэг учраас элэгний хатууралтай өвчтөнүүд хушга хэрэглэх нь үр дүнтэй байна. Мөн элэгний эсүүдийг өөхөн эдээр солигдохоос сэргийлэх үйлчилгээтэй аж.
Гүүний саам элгэнд сайн нөлөөтэй. Амин хүчил, витамин, эрдэс ихтэй тул хүний биед зохицсон эмчилгээний бүтээгдэхүүн. Саам уусан хүмүүсийн царай шингэрдгийн учир нь бодисын солилцоо тэгширсэнд юм. Гүүний саамны анагаах чанар гайхамшигтай. Хоол боловсрон шингэхэд эерэг нөлөөтэй, найрлага нь харшлыг бууруулах үйлчилгээтэй. Найрлагад нь байдаг бцетихолин кахын мэдрэлийн тогтолцоонд үйлчилснээр арьс, салст бүрхэвчийн нарийн судсууд тэлж, тэр хэсэгт цусны урсгал удааширч, бодисын солилцоог тэтгэх, амин дэм сэлбэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Гүүний саамыг элэгний хавдартай хүн ууж болохгүй. Харин гоо сайхан, биеийн дархлааг сайжруулах , өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор элэг, цөс, ходоодны архаг өвчтэй хүмүүс хэрэглэж болно.
ГҮҮНИЙ СААМ
Үргэлж инээвэл элэг эрүүл байна
Элэг нь эзнээ дагаж баярлаж, гомдож байдаг эрхтэн. Тиймээс өвчтэй, өвчингүйгээсээ үл хамаарч үргэлж инээд хөөртэй байвал ямар ч эм, эмчилгээнээс илүү хамгийн сайн эм болно.