Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг нийслэлээс барьж өгнө. Цэвэр, бохир, ус дулаан татагдаад сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцэрсэн. Одоо тэнд байгаа айл өрхүүдийг нүүлгэх ажил үлдсэн. Айл өрхүүд 2 жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарна. Ингэхдээ, бид энэ хугацааны тохилог орон сууц түрээслээд амьдрах мөнгийг нь төлнө.
Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд нүүлгэн шилжүүлж барилга барихаас өөр ямар ч арга байхгүй. Хүүхдийн сургууль цэцэрлэг ойр байр, айл өрхүүдийг тохилог орон сууцанд түрээс төлөх мөнгийг нь төлөвлөж байгаа. Хэлчихвэл айлууд үнэ ханшаа өсгөчих вий гэсэн болгоомжлол байна. Нэг айлд нэг сая төгрөгөөс дээш төгрөг төсөвлөсөн. Ам бүлийн тооноос шалтгаалж тооцооллыг ихэсгэнэ. Бид гэр хороололд дорвитой алхам хийхгүй бол 21-р зуунд нүхэн жорлонтойгоо хэвээр үлдэхээр байна. Сөрөг хүчний зүгээс гэр хорооллын айлуудын газрыг булаах гэж байна гэж яриад байгаа.
Булаах тухай асуудал огт биш юм. Тэднийг 2 жил түр тохилог орон сууцанд амьдруулж, төлбөрийг нь нийслэлээс төлөх асуудал яригдаж байгаа. Энэ хооронд тухайн байрлалд нь байшин бариад 60 хувь нь орон сууц, зогсоол, зам, 40 хувь нь ногоон байгууламж барих юм. 15 минутад алхаад очиж болдог төрийн үйлчилгээ, ажлын байр байхаар төлөвлөнө.
Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх хүмүүсийг энэ сард цуглуулж уулзаад бүгдэд нь нийслэл байр олгохоор шийдээд байна. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа айлуудад энэ гурав болон дөрөвдүгээр сард ашиглалтад орох Нийслэлийн орон сууцны корпорацын өмчлөх эрхтэй байруудыг санал болгоно. Энэ хүмүүсийг 10 гаруй жил орох оронгүй, айлаас айл дамжуулсандаа уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах гэж байгаа” хэмээлээ.