Гал халуун хайр, найз нөхдийн нөхөрлөл гээд бүхий харилцаа хоёр талын хүчин чармайлт, хичээл зүтгэл, хариуцлагатай байдлаар биежиж, урт удаан тогтвортой үргэлжилдэг.
Голдоо уулзсан харилцаа л хамгийн амьд, гал халуун байдаг гэсэн үг. Хоёр хүний нэг нь 100 хувь хүчин чармайлт гаргасан харилцаа хүчирхийлэл эсвэл салалтаар дуусах нь элбэг байдаг. Учир нь аливаа харилцааг талууд хамтдаа хүсэж, хүчин чармайлт гаргах учиртай. Зөвхөн хосын харилцаан дээр ч бус нийгмийн бүхий л харилцаанд энэ хамаатай.
Сонгууль өгөх, шийдвэр гаргах процесс ч адил.
Оны сүүлийн өдрүүдээс сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр зэхэж буй зарим нөхөд ажил албанаасаа чөлөөлөгдөж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд хөвөрч эхлэв. Энэ үзэгдэл тийм ч гайхаж, шоолоод байх зүйл биш бөгөөд өөрт олгогдсон сонгогдох эрхээ эдлэхээр зэхэж буй хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаж буй хэрэг. Харин сонгох эрхээ эдлэх сонгогчид хэн надад илүү “ойртож”, юу амлахыг харж сонголтоо хийнэ дээ гээд урьдынхаараа дэмий хүлээгээд сууж байгаа юм биш биз.
Сонгуульд нэр дэвшихээр горилогсдыг шоолох маягтай, за одоо юу амалж, юу өгөхийг нь харна даа гэсэн сонгогчдын энэ хандлага биднийг энэ хүртэл чирснийг санаж ухаарах цаг болсон шүү.
Ардчилсан сонгууль бол бид ардчилсан зарчмаар төрөө байгуулах хамгийн чухал үйл явдал бөгөөд тэр хэрээрээ бидний амьдралд тусгалаа олж байдаг. Ардчилсан сонгуулиар дамжуулан иргэн төрийн эрх барихад оролцдог. Ийнхүү маш хариуцлагатай чухал процессийг бид нэг талын хүчин чармайлт мэтээр андуурч ирснийг нуух юун. Энэ нь иргэд ардчиллын “гол тоглогч” байж чадахгүй, ардчиллыг хариуцлага, оролцоо, ард түмний засаглал гэх мөн чанараар нь ойлгож ухамсарлаагүйн тод илрэл юм. Бид ардчиллыг зөвхөн эрх чөлөө, чөлөөт байдал, шударга зарчим, хувийн өмч төдийхнөөр ойлгож байна гэсэн үг юм. Үүний цаана оролцоо, төлөөлөл, хариуцлага гэх чухал зүйл гээгдээд буй.
Иргэдийн улс төрийн боловсрол доогуур байх учир шалтгаанууд бас байна аа. Улс төрийн намуудын манлайлал, санхүүгийн эрх чөлөө, улс төрийн тогтолцооны шилжилтүүдэд бэлэн бус байдал, хуучин тогтолцооны үлдэгдэл буюу нийгмийн сэтгэл зүйн үзэгдлүүд гээд олон шалтаг шалтгааныг тоочиж болно. Өнөө маргаашийнхаа хоол, ахуйн амьдралдаа түүртсэн олон нийтэд улс төрийн боловсрол ярих нь утгагүй зүйл гэх хүн ч бий. Энэ хандлага даамжирсаар төр улсаа байгуулахдаа бид оролцож чадахгүй эсвэл биднийг хэлбэр төдий оролцуулдаг систем рүү шилжих аюул бий гэдгийг санах нь зүйтэй. Тэгвэл бид хүсээд ч бүх зүйл оройтсон байх болно. Сонгогчдын улс төрөөс хүнийсэх, улс төрийг үзэн ядах, намууд, улстөрчдийг үгүйсгэх, төргүй, намгүй нийгэм байгуулах тухай ярих зэрэг массын түвшин дэх улс төрийн сөрөг үнэлгээ газар авч эхэлсэн нь дээрх аюулыг сануулж байна.
Тэгвэл бид хэрхэх вэ? Сонгууль зөвхөн улстөрчдөд хамаатай гэх ойлголтоосоо салъя. Сонгогч хийгээд нэр дэвшигчдийн хоёр талаас уулзах уулзварын цэг нь сонгуулийн үр дүн байж гэмээнэ ардчилсан сонгуулийн амин чанар сэргэж эхэлнэ. Хэн надад илүү сайрхаж, амалж буйг сонгодог бус өөрийн тойрогтоо нэр дэвшиж буй улстөрчдийнхөө талаар эрж хайж, судалж, рациональ сонголт хийдэг хандлага руу шилжье.
Тэгэхээр сонгуульт хугацаанд бидний ч хийх ёстой ажил ойлгомжтой боллоо. Улстөрчид хөрөнгө мөнгө зарж хэдий чинээ бидэнд “ойрхон” ирнэ төдий чинээ бидний амьдралаас алсрах нь байгалийн хууль гэлтэй үнэн зүйл. Харин бидний хүлээдэг боловсролтой, сэтгэлтэй, төрийн зүтгэлтэн чинь бусад шиг хөрөнгө мөнгөөр зодоод танд үйлчлээд байхгүй. Тэд бидэнд харагдахгүй, тэднийг эрж олохыг хичээхгүй бол төдийлөн танигдахгүй байж ч магад. Хэтэрхий их хүссэн хүнд эрх мэдлийг бүү өг гэдэг шиг дэндүү их хичээгээд таны гэр бүлийн гишүүн гээд гүйгээд байгаа нөхөд ирэх дөрвөн жилдээ сонгуульд зарлагадсан шархаа нөхөх гээд завгүй. Та бидний, ард түмний боломжоос мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглаад, зувчуулаад завгүй байдаг. Харин дорвитой хөдөлж, олигтой амлалт ч хэлж чадахгүй, даруухан нөхдийг хэн бэ гэдгийг нь олж мэдэхийг хичээ. Та хажуудаа ирэхийг биш өөрөө дөхөж очоод ухаж төнх.
Хил хязгааргүй их интернэт орчин бидэнд их боломж авчирсны нэг нь энэ. Бид хүсвэл ямар ч мэдээллийг хаанаас ч олж болохоор боломжтой ертөнцөд амьдарч байна. Таны тойрогт нэр дэвшиж буй хүний мэдээллийг интернэт орчноос нэг эрж хайгаад уулзалтад нь очиж суугаад хүссэн асуултаа асуугаад ирэхийн цагт магад таны шийдвэр тодорхой болно. Иргэн та сонголтодоо хариуцлагатай хандах ёстой шүү гэдгийг хатуу анхааруулах гэж дээрхийг нуршин өгүүллээ.
Улс төрийн нам хамгийн их авлигад идэгдсэн институтээр тодроод удаж байна. Мөнгөтэй эрх мэдэлтэйнүүдэд улс төрд орох эрхийг нам олгож, бид тэднийг нь сонгосоор улс төрийн засаглалын өнөөгийн хямрал бий болсон нь нууц биш. Улс төрийн нам ийнхүү дураараа авирлах боломжийг бид л олгож, хариуцлага тооцож чадаагүй ахин дахин сонгосоор тэд ч бид ч намагт шигдээд живэх өдрөө л хүлээж байна. Намын хариуцлага, төлөвшил, дотоод ардчиллыг хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал мөнөөсөө мөн ч гол хөшүүрэг нь сонгуулиар дүн тавих бидний шийдвэр билээ. Бид тэдэнд хэр их бодитой дүн тавина, төдий чинээ тэд алдаагаа засаж, сайжрах арга замыг эрэлхийлэх болно. Энэ бол зах зээлийн бултаж зайлж үл болох хууль. Улс төрийн нам таны шаардлагад үл нийцэх хүнийг нэр дэвшүүлсээр байх юм бол та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээрээ дамжуулан “Уучлаарай танай нам хүний нөөцийн бодлогоо эргэн харна уу. Баярлалаа, Баяртай” гээд дүнг нь тавьж чадвал бидний хийх ажил дуусна. Ам уралдан бэлэн мөнгө амласан сонгуулийн амлалтууд биднийг намаг балчигт унагаасныг мөнхөд санах учиртай. Харин хүн бүрийг ажилтай орлоготой, нийгмийн баталгаатай байх боломжийг хэн илүү бүрдүүлж чадахаар байна түүнд боломж олго. Харин боломж олгосон төлөөлөлдөө хатуу хандаж, хариуцлага нэхэж, санаанд чинь нийцэхгүй бол дараагийн сонгуулиар “ажлаас нь хал”. Энэ бидний сонгосон ардчиллын амин чухал ололт билээ. Харин энэ боломжийг ашиглах уу, алдах уу? гэдэг нь иргэн бүрийн оролцооноос хамаардаг эмзэг зүйл. Ардчилал бол оролцоо, хариуцлага юм шүү.
Гал халуун хайр аль нэг талаасаа байвал хүчирхийлэл, хагацалд хүргэдэг шиг хэт их наалдаж ирж сонгогдсон сонгууль дөрвөн жилээр таг алга болоход хүргэнэ шүү. Бидний амьдралыг шийдэх сонголт шүү. Голдоо л уулзацгаая.