Аливаа улсын хөгжлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэр зэрэг ээлтэй орчныг бий болгосноор нь илүү тодорхойлдог аж. Тэгвэл Монгол улсад ээлтэй орчин бүрдсэн болов уу? Улаанбаатар хотод л аваад үзэхэд нийгмийн харилцаанд ороход хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчин хэр байдаг билээ. Ихэнх гэрлэн дохио дээр дуут дохио байдаггүй. Харааны бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад хүртэл бэрхшээл тулгардаг. Мөн тэргэнцэртэй хүмүүс гэрээсээ гарах, дэлгүүр орохоос эхлээд бие даан ганцаараа явах ямар ч боломж бүрдээгүй байдаг. Орон сууц, үйлчилгээний газруудад тэргэнцэртэй гарах налуу замыг хийсэн байдаг гэхдээ энэ барилгаа комисст хүлээлгэж өгөхийн тулд л хийсэн харагддаг гэдэгтэй хүн бүр санал нийлэх байхаа. Манай улсын олон нийтийн тээвэрт ч тэргэнцэртэй хүнийг суулгах өргөдөг шат ч байхгүй билээ. Хэн нэгний тусламжгүйгээр аюулгүй орчинд явах эрх тэдэнд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд хүн бүрийн дуу хоолой хэрэгтэй.