Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Чойжин ламын сүм музейтэй хамтран “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” соёл, спортын өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүх, соёлын өвийг таниулах, спортыг сурталчлан, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тус өдөрлөгт 29-р сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүүхэд оролцлоо.
Энэ үеэр хүүхдүүд Чойжин ламын сүм музейн түүхэн өв соёлтой танилцаж, урлагийн тоглолт үзэж, спорт тоглоомуудаар тоглосон бөгөөд Мөнх, Тунх хоёр музейгээр аялсан нь, Музейн боловсролын хөтөлбөр, үндэсний ятга хөгжмийн танилцуулга, шатар, рубик шоо, соробан сампингийн нээлттэй хичээл, арт терапи- сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн бусад хөтөлбөрт хамрагдлаа.
Мөн “Wasabies” хамтлаг өөрийн уран бүтээлээ хүргэсэн юм. Арга хэмжээний үеэр Самъя хийдийн лам нар дохионы хэлээр дохиж өдөрлөгийг хүртээмжтэйгээр оролцогчдод хүргэлээ.