Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дундговь аймагт байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг хангах асуудал бол Засгийн газрын бодлогын төвд байдаг чухал асуудлуудын нэг” хэмээн онцолж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид тэдэнд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргана хэмээв.
Дундговь аймгийн хэмжээнд 1600 орчим ХБИ, 200 орчим хүүхэд байдаг. Тэдгээр иргэдийг амьдрах аргад сургах, нийгэмшүүлэх, хөгжүүлэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий Олон Улсын жишигт нийцсэн тус хөгжлийн төвийг барьж байгуулах, тохижуулах, ажилтнуудыг чадавхжуулахад 5,8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Тус төвд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, үйлчилгээний бусад ажилчид гээд 30 хүн хөгжлийн бэрхшээлтэй болон тэдний гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлж ажиллах юм. 2000 орчим кв.метр талбайтай төв нь эрчим хүчний хэмнэлттэй, орц, гарц, ариун цэврийн өрөө, хаалга, бариул, шат гээд бүхий л орчин, тохижилт нь ямар ч хүн үйлчлүүлэхэд хүртээмжтэй, Олон Улсын жишигт нийцсэн гэдгээрээ онцлогтой аж.