Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 164 А/102 дугаар тушаалаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг танилцуулж байна.
Манай улсад 897,4 мянган хүн бүртгэгдсэний 94.0 мянган өрх хөгжлийн бэрхшээлтэй нэг буюу түүнээс дээш тооны гишүүнтэй байна. Дээрх өрхийн 44.0 хувь нь гэр, 19.2 хувь нь орон сууц,0.5 хувь нь амины орон сууц,34.4 хувь сууцны тусдаа байшин, 0.9 хувь нь нийтийн байранд амьдарч байна.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн хувьд гал түлэх, нүүрс түлээ бэлдэх, худгаас ус авах, гудамжаар аюулгүй зорчих зэрэг ахуй нөхцлийн тулгамдсан асуудал болж байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөр эрхэлж орлого олдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны бодлого төсөл хөтөлбөрт эхний ээлжинд хамруулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг орон сууцанд хамруулах замаар ая тухтай амьдрах нөхцлөөр хангах зорилготой юм.
-Тухайлбал хөтөлбөрт хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнаас 27-37 м.кв хүртэлх байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн байр орон сууц болгон тэдэнд хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах боломжийг бүрдүүлэх,
-Орон сууцны хөнгөлттэй зээлийн санхүүжилтийг зээлийн шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөд дараалал харгалзахгүй олгох, зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргах асуудлыг байршил харгалзахгүй шийдвэрлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах хүрээнд орон сууцны барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж ашиглалтад оруулах,
-Орон сууц олон нийтийн барилга байгууламж болон хуучин барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, саадгүй байдлаар шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Бага орлоготой хөгжлийн бэрхшээлтэй бие даан амьдрах хүсэлтэй иргэнийг халамжийн орон сууцанд хамруулах гэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах аж.
Дээрх хөтөлбөр 2024-2026 он буюу хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төр болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагууд оролцох юм.