Дэлхийн байгаль хамгааллын конгресст оролцож байгаа БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хурлын үеэр  “Дэлхийн газрын хэтийн төлөв: Холболт ба газрыг нөхөн сэргээх сэдэвчилсэн тайлан” хэлэлцүүлэгт оролцож санал солилцсоноос гадна орон орны салбарын сайд нар, албаны хүмүүстэй уулзаж байна. Энэхүү уулзалтад Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, СОР17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга дарга Б.Бат-Өлзий, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Энхболд, СОР17 Ажлын албаны бодлого төлөвлөлтийн дарга Д.Ариунтуяа болон Б.Билгүүн, А.Нарангаравуу зэрэг албаны хүмүүс байлцжээ.

АНЭУ-ын Байгаль орчны сайд хатагтай Амна Ал Дахактай байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон ирэх жил зохиогдох СОР17 бага хуралд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар ярилцсан бол Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагаа, Байгаль орчны асуудал хариуцсан дарга Шантал Фелдертэй хоёр талын өмнөх хэрэгжүүлсэн төслүүдийг дүгнэн, цаашид илүү бүтээлчээр үр дүнтэй ажиллах талаар ярилцсан байна.

Түүнчлэн БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон албаны бусад хүмүүсийн хамт, Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай конвенцийн Гүйцэтгэх захирал Ами Фраклинтай уулзалт хийн санал солилцжээ. Хатагтай Ами Фраклин сайд Б.Батбаатарын өгүүлсэн “Дэлхий бол хэдхэн цаг ч амьдардаг бай, амьд болгонд зориулагдсан бүтээл. Тиймээс тэдгээр бүхний амьдрал, энэ нь Монголын ногоон соёл иргэншлийн уламжлалд үнэтэй байр эзэлдэг тухай агуулга хөндсөнийг сайшааж, Монголын говийн их дархан цаазат газар дахь, тодруулбал Нарансэвстэйн боомт нээх асуудал дээр байгаль, зэрлэг амьтанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн дээр зөв чиглэл баримталсанд талархсанаа илэрхийлэв.

Энэ өдөр IUCN-ийн Улаан жагсаалтад бүртгэлтэй Их Говийн зургаан амьтан буюу тахь, хулан, мазаалай, хар сүүлт, бөхөн, хавтгайг хамгаалах талаар танилцуулга хэлэлцүүлэг болж, мөн Монголын талаас СОР17 бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл, сурталчилгааг амжилттай таниулан сурталчилжээ.