Олон нийтийн анхаарал марзан шоу, хэрүүл маргаан, сенсаацтай сэдвүүдэд төвлөрч байх энэ үед Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд орсон ноцтой өөрчлөлт чимээгүйхэн батлагдлаа. Энэ өөрчлөлт нь иргэдийн оролцоо, орон нутгийн санал бодлыг тусгах боломжийг хумиж, хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулах эрсдэлтэй гэж судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд анхааруулж байна. Байгаль орчны үнэлгээ бол хөгжлийг гацаах хэрэгсэл биш. Харин уул уурхай, үйлдвэр, бүтээн байгуулалтын төслүүдийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлж, хяналттай, хариуцлагатай хөгжлийг хамгаалдаг хамгийн чухал механизм юм. Шинэ өөрчлөлтөөр дараах ноцтой эрсдэлүүд үүсэж байна. Тухайлбал,
1. Төсөл хэрэгжүүлэгч өөрөө өөрийгөө үнэлэх эрсдэл
Зарим тохиолдолд төслийн ашиг хүртэгч этгээд өөрөө байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт боловсруулж, бүртгүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, эрсдэлийг дутуу эсвэл буруу мэдээлэх нөхцөл бий болгож болзошгүй.
Жишээ нь, уул уурхайн компани өөрийн олборлолтын бүсэд усны нөөц хангалттай, малчдын амьжиргаанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг өөрөө гаргавал түүнийг хараат бусаар шалгах механизм сулрах эрсдэлтэй.
2. Орон нутгийн дуу хоолойг “чимээгүй зөвшөөрөл” болгох эрсдэл
Сум, дүүргийн Засаг дарга төслийн хүсэлтийг 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой бөгөөд хугацаандаа хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцох зохицуулалт орсон байна.
Байгаль орчин, ус, бэлчээр, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг бодитоор нягтлах хугацаа хүрэлцэхгүй үед энэ нь орон нутгийн хяналтыг хэлбэр төдий болгож, иргэдийн оролцоог сулруулах эрсдэлтэй. Жишээ нь, нэг сумын нутагт ус их хэрэглэдэг уул уурхайн төсөл хэрэгжих гэж байхад иргэдийн санал авах, малчдын байр суурийг сонсох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт авах ажиллагаа 10 хоногт багтахгүй бол Засаг дарга хариу өгөөгүй гэх шалтгаанаар төсөл автоматаар зөвшөөрөгдсөнд тооцогдох боломж үүснэ.
3. Ямар төсөл үнэлгээнд хамрагдахыг хуулиар биш журмаар шийдэх эрсдэл
Өмнө нь ямар төсөл байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстойг хуулийн хавсралтаар тодорхой заадаг байсан бол шинэ өөрчлөлтөөр энэ асуудлыг Засгийн газрын батлах ангилал, журмаар шийдэх боломж нээгдэж байна.
Ингэснээр үнэлгээнд хамрагдах төслүүдийн хүрээ ирээдүйд захиргааны шийдвэрээр өөрчлөгдөх, хяналт сулрах эрсдэл үүсэж болзошгүй. Жишээ нь, химийн бодис ашигладаг үйлдвэр, томоохон зам барилгын төсөл зэрэг нь өнөөдөр үнэлгээ шаарддаг байсан ч ирээдүйд ангилал, журам өөрчлөгдвөл үнэлгээний шаардлагаас чөлөөлөгдөх, эсвэл хөнгөрсөн журмаар шийдэгдэх эрсдэл бий болно.

4. Иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан мэдээлэл авах эрхэд нөлөөлөх эрсдэл
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж заасан байдаг.
Гэтэл ямар төсөл үнэлгээнд хамрагдах, ямар төсөл олон нийтээр хэлэлцэгдэхийг захиргааны журмаар шийдэх боломж нэмэгдсэнээр иргэдийн мэдээлэл авах болон шийдвэр гаргах үйл явцад оролцох эрх бодитоор хумигдах эрсдэл бий болж байна.
5. Малчид, орон нутгийн иргэдийн оролцоо сулрах эрсдэл

Байгаль орчны үнэлгээ нь зөвхөн байгаль хамгаалах асуудал биш. Энэ нь малчдын бэлчээр, усны эх үүсвэр, малын нүүдлийн зам, уламжлалт амьжиргааг хамгаалах үндсэн механизм юм.
Гэтэл олон нийтийн оролцооны хүрээг журмаар тогтоох, орон нутгийн байгууллагын эрх мэдлийг хязгаарлах, хугацаанд нь хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцох зэрэг зохицуулалт нь орон нутгийн иргэдийн бодит оролцоог сулруулж болзошгүй байна.
6. Ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэл нэмэгдэх магадлал
Байгаль орчны төлөв байдлын суурь мэдээллийг төслийн ашиг хүртэгч өөрөө боловсруулах, зарим төслийг мэргэжлийн зөвлөлийн хамтын хэлэлцүүлэггүйгээр шийдвэрлэх боломж нэмэгдсэнээр хараат бус хяналт сулрах эрсдэлтэй.
Энэ нь шийдвэр гаргах эрх мэдэл төвлөрөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх, улмаар авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж болзошгүй гэж хуульд хориг тавих саналыг боловсруулагчид анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн төлөөх чухал бодлого гэж байгаль хамгааллын салбарынхан үздэг.
Тиймээс УИХ-аас баталсан байгаль орчны үнэлгээний тогтолцоонд ноцтой нөлөөлөх энэхүү хуульд хориг тавьж өгөхийг хүсэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм билээ. УИХ-аас батлагдаад албажаад ЕТГ-т очсон хуулинд Ерөнхийлөгч тав хоногийн дотор хориг тавих эрхтэй байдаг.
Одоо Ерөнхийлөгчийн шийдвэрийг байгальд ээлтэй бүх хүмүүс, олон нийт итгэл найдвар тавин хүлээж байна.
Энэ бол зөвхөн байгаль хамгаалагчдын асуудал биш. Энэ бол монгол хүн бүрийн уух ус, амьсгалах агаар, үр хүүхдэдээ үлдээх газар нутгийн асуудал юм. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал. Тиймээс энэ хуульд хориг тавих эсэх шийдвэр нь өнөөдрийн улс төрөөс илүүтэй Монгол Улсын ирээдүйг хамгаалах түүхэн шийдвэр байх болно. Байгаль орчинд балагтай үнэлгээний хуульд хориг тавьж өгнө үү, Ерөнхийлөгч өө.
Э.ЭНХМӨРӨН
Гэрэл зураг: Landscape photographer Г.Ган-Өлзийн бүтээлийг ашиглав.

