Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Дэлхийн улс орнуудын төлөөлөгчидтэй ган, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлэн, хэлэлцэнэ. Байгаль орчны асуудлыг хөндөхдөө бид байгаль орчинд хамгийн их хор хөнөөл дагуулдаг хуванцар бүтээгдэхүүнээ дахин боловсруулж чадах уу гэдэг асуулт манай улсын өмнө тулгарч байна. Тиймээс Caritas Czech Republic байгууллагын 2022 онд гаргасан “Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны хэсгээс хүргэе. 

Манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай

Судалгаагаар манай улсын хэмжээнд хуванцар дахивар боловсруулдаг 24 үйлдвэрлэгч “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-нд бүртгэлтэй байна. Эдгээрээс 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллээс харахад манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай хэдий ч хүчин чадлынхаа 52.4 хувийг л ашигладаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрүүд нь ойролцоогоор 10,000 тонн дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл төрөлжиж, барилга, ахуйн хэрэглээ, эрүүл ахуй, хагас боловсруулсан түүхий эдийн чиглэлд хөгжсөөр байна. Энэ хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадал бий болжээ.