Z-MAN Улс төрийн хураангуй…
-Тэр битгий хэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх тавилан ногдсон ИЗНН-ын Б.Батбаатар, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр нар ч ТАГ–
Хэдхэн хоногийн өмнө нүүрсний дөчин дөрвөн их наядын хулгайн зэмээс ял авч хоригдсон Т. Аюурсайхан, Б. Ганхуяг нарын давж заалдах шүүх хурлыг хийснийг олон нийт анхааран харсан биз ээ. Тэдний ялыг нэгээс хоёр жилээр нааш татан хөнгөлөлт эдлүүлэх болов. Шүүх хурлын үйл явц, ялын хэмжээ нэг хэрэг. Гэхдээ энэ үйл явц нь, Монголын төр нийгэмд дараах хэд хэдэн үндэслэл, санал, сануулга дагалдахыг сэрэмжлүүлж байна. Эдгээр хоёр гэмт хэрэгтнийг сонгуулийн дараа, тэр дундаа эрх баригч гурван намын эвслийн Засгийн газар байгуулсны дараахь халуун агаар дээр шүүсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол эрх баригчид “эвссэнээ, эвцэлдсэнээ” тестлэн, шалгаж байгаа үйл явц.
Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилжин сөрөг хүчний дүрд тоглож, дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайг тунхагласан ХҮН-ын дарга Тогмидын Доржханд эл явдлаар бүрмөсөн тестлэгдэв. Энэ хүний сонгуулиас өмнөх, Шадар сайд болохоос өмнөх бүх замнал улсын өмч нүүрсний дөчин дөрвөн их наядын хулгайн хохирлыг нэхэмжлэгч, шударга ёсны төлөө тэмцэгч байсан. Энэ ч учир түүний нам эдүгээ УИХ-д найман суудалтай болсон. Гэвч саяын Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх үед ч шүүсний дараа ч Т. Доржханд нэг удаа ганхийсэнгүй. Ичсэн тарвага мэт болжээ. Энэ нэг үзэгдэл.
Эрх баригчдын нэг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ч бүр таг. Юу ч гэсэнгүй. Ардчилсан намынхан бүүр таг. Тэр битгий хэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх тавилан ногдсон Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр нар ч таг. Ийм байхад Ардын нам сахилдаа баясаж, савандаа дугжирна биз дээ. Нийгэм ийм л байна. Ийм хачин. Ард түмэн харин үүнийг анзаарч байна уу гэдэг л хамгийн чухал байна. Нийгмийн шударга ёс ингэж, идэгдэж, ингэж уугдаж, хариуцлага замхарч байна. Мөдхөн, жилийн дараа гэхэд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар эрх чөлөөнд гарна. Гарч ирээд хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө дээрээ ирнэ. Ирээдүйн бидний үр хүүхдийн боломжоос хулгайлсан хөрөнгө, өнөөдрийн бидний Улаанбаатартаа хэдэн цагаар гацаж суух шалтгаан болсон хулгайн мөнгөн дээрээ ирнэ. Магадгүй, өнөөдрийн нийгмийн өнгө үзэмжээр харвал тэд ирэх сонгуулиар гишүүн болох нь. Ийм байж болох уу. Хүний муу үзэх гэсэндээ биш, асуудал ийм зарчмаар явж болохгүй учраас сануулан сануулан хэлэх ёстой юм. Дөчин дөрвөн их наядын хулгайг монголчууд мартлаа гэж үү. Өвлийн хүйтэн өдрүүдээр цементэн шалан дээр хонон өнжин эсэргүүцэж байсан тэр хулгайг мартаж болно гэж үү. Тэгвэл өнөөдрийн хийгээд маргаашийн боломжийг биднээс хулгайлах хулгайч нар ар араасаа дугаарлан бэлтгэгдсээр байх биш үү.