
Оюутолгойн бүлэг ордын асуудлыг хянан шалгах түр хороо өнгөрсөн долдугаар сарын 2-нд байгуулагдсан. УИХ-ын 89 гишүүн энэ хороог байгуулахыг дэмжсэн гэхээр энэ бол яалт ч үгүй хүлээгдэж байсан хороо юм. Намрын чуулган нээгдэж, түр хорооныхон албаны хүмүүсийг дуудаж хуралдаж эхэлсэн цагаас Оюутолгой компаниас мэдээлэл авахаар дуудахад өнгөрсөн долоо хоногт цаг тулгуу байсан гээд ирээгүй.

Уг нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хувьд бусад газруудтай адил эрх, үүрэгтэй байх учиртай. Гэвч гадаадад зарим хүмүүс нь байгаа учраас цаг тулгуу байна гэсэн тайлбар тавьсан бол өнөөдөр болох түр хорооны хурлын өмнөх өдөр мэдэгдэл гэсэн сүржин нэршилтэй тайлбар гаргаж тавьжээ. Өөрсдийнхөө пэйж хуудаснаа тавьсан тэр мэдэгдлийнхээ сэтгэгдэл хэсгийг хаасанд иргэд маш бухимдалтай байгаа нь анзаарагдаж байна. Илүү нээлттэй, монголчуудад хүндэтгэлтэй ханддаг байсан бол хүмүүс ингэж бухимдаж, эсэргүүцэхгүй байсан болов уу. Мэдэгдэлдээ ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, нэр хүндийг эрсдэлд оруулахаас сэргийлж байгаа учраас гэсэн байсан. Эгэл жирийн ажилтан, уурхайчдын амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд монголчуудаас ирэх эрсдэл гэж байхгүй. Харин хамтарч байгаа, 34 хувийг эзэмшдэг монголчууддаа хүндэтгэлгүй хандаж, 7 жилд ганц удаа гэрээнд өөрчлөлт оруулж ч гэх шиг үл тоож ханддаг учраас хүмүүс бухимдаж байгааг ойлгох хэрэгтэй. Хүн бүр өглөө сэрэхдээ Оюутолгойн өрөнд төлдөг долларын өртэй сэрээд байхаар бухимдалгүй яах вэ. Зээлийнхээ хэмжээг нэмэх дээрээ санал оруулах эрхгүй, тэгсэн мөртлөө хүүндээ өдөр бүр 3,5 сая ам.долларын өрөнд монголчууд унаж байна. Хүн бүр өдөрт өөрөө ч мэдэхгүй 1 ам.долларын өртэй сэрж байна. Дөрвөн ам бүлтэй айл сард 120 ам.доллар буюу сард 430 мянган төгрөгийн хүүний төлбөрт унаж байна. Нөгөө ипотекийн зээл, ахуйн хэрэглээний зээл, цалингийн зээлэн дээр нэмэгдээд та өөрөө ч мэдэхгүй 430 мянган төгрөг өрхийн төсөв дээр нь бичигдэж байна гэсэн үг. Үүнийгээ буулгахыг хэн ч хүснэ биз дээ. Тэгээд хэзээ үр шим нь ирэх юм мэдэхгүй. Өрөө барагдуулж дуустал газар нутгийн чинь шим танд ирэхгүй. Тэгэхээр хүмүүс бухимдалгүй яах билээ. Гэтэл тайлбар учир нь ийм байна гээд тайлбарлахын оронд үл тоож байдаг. Тэртээ тэргүй монголчууд гадны хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцоод явна гээд хамтралын зам дээрээ гарсан улс. Гэхдээ аль болох харилцан хүндэтгэлтэй, харилцан ашигтай байж энэ харилцаа урт удаандаа явна. Атал ийм хүндэтгэлгүй хандаж болохгүй ээ. Энэ асуудлыг улам л дэвэргэнэ.
Оюутолгойн зүгээс Хяналтын хороог нь үл тоомсорлоё, өөрсдийнх нь улс төрийн зодооныг нь далимдуулаад та нар эхлээд учраа олоодох гээд даажигнаадахья гэсэн санааг гаргасан нь асар том алдааг дагуулж байна.
Гэрээ байгуулаад 16 жилийн ой хэдхэн хоногийн өмнө боллоо. Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн гэрээ биш юм. Харин улам бүр сайжруулаад явж байж урт замаа туулах учиртай. Үүнийгээ Оюутолгой ойлгохгүй байгаа нь харамсалтай.


