Дуучин Селена Гомез энэ амралтын өдрүүдээр 2023 оноос хойш үерхсэн Бенни Бланкотой сүр дуулиан багатайгаар ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд хуримаа хийжээ. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүй тавьж байв.
Хос хоёр 2015 онд анх танилцаж байжээ. Тодруулбал, Гомезын “Same Old Love” уран бүтээлийн продюсераар Бланко ажилласнаар тэд бие биеэ мэддэг болсон. Үүнээс хойш 2019, 2023 онуудад тэд Селенагийн “I Can’t Get Enough, “Single Soon” уран бүтээлүүд дээр хамтран ажилласан. Тэдний анхны хамтарсан цомог болох “I Said I Love You First” нь энэ оны эхээр гарсан билээ.
Гомез гуравдугаар сард Жэй Шеттигийн подкастад оролцохдоо анх зүрх сэтгэлээ хамгаалж байсан ч эцэст нь Бланкод унаж тусан дурласан гэдгээ ярьжээ. “Бенни над руу харах үед түүний нүдэнд өөр юу ч харагддаггүй байх гэж би боддог. Ийм зүйл их ховор тохиолдоно шүү. Тэр бол миний хамгийн сайн найз” гэж тэр хэлсэн юм.
Бланкогийн хувьд найз бүсгүйдээ зориулан хийж буй амттай хоолнуудынхаа бичлэгийг ТикТоктоо байнга оруулдаг. Мөн Селенаг магтах боломжийг огт алдалгүй ашигладаг аж. Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр Селенад хандаж “Чамайг өөрийнхөө замаар алхаж, өөр бусад зүйлд санаа зовохгүй байгааг харахаар үнэхээр янзтай байна. Чиний эрч хүч, үзэл бодлыг би мэдэрч байна. Эмэгтэй хүнийхээ хувиар дэлхий ертөнцийг хэрхэн туулж буй чинь бусад эмэгтэйд асар их итгэл өгч байх шиг санагддаг” гэж хэлсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: CNN


