Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 436.6 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын,
116.2 мянга нь боловсролын,
110.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
81.9 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын,
72 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн,
49.9мянга нь барилгын,
49.5 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
49.2 мянга нь тээвэр, агуулахын,
46.5 мянга нь уул уурхай, олборлолтын,
30.1 мянга нь санхүүгийн болон даатгалын,
27.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
153.4 мянга нь бусад салбарын ажиллагсад байна.
Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 5.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас хоёр дахин их юм. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байгаа юм. Энэ нь улсын дунджаас 1.6 дахин бага байна.
Бодит цалинг салбараар 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн болон уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх 2.3-8.4 хувиар буурчээ. Харин бусад салбарынх 8.9-27.7 хувиар нэмэгджээ. Үүний дотор ус хангамж, бохир ус, хог хаягдал, үйлчилгээний бусад салбар, хүн хөлслөн ажиллуулах өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 20.2-27.7 хувиар нэмэгджээ.