ӨНӨӨДӨР МАЗААЛАЙН ӨДӨР. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилснаар 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын 437 дугаар тогтоолоор Мазаалайг үндэсний бахархалт амьтан болгож зарласан билээ. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалайн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Гэвч ийм өдөртэй болоод нэг он ч өнгөрөөгүй байхад Мазаалайн өлгий нутаг Алтайн өвөр говьд Нарансэвстэйн боомтыг сэргээх, нээх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсныг эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн тэмцсээр бараг хагас жил болж байна. Мазаалай болоод эх говио хамгаалж байгаа нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд нэгдсээр “#NO Naransevstei boomt” хөдөлгөөн болтлоо өргөжсөн гэхэд болно. Үндэсний бахархалт амьтан Мазаалайн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ийм нэгэн захидал илгээжээ.
АЛТАЙН ӨВӨР ГОВИОС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИРҮҮЛСЭН МАЗААЛАЙН АЙЛТГАЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
Монгол төрийн тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч танд хүйтэн өвлийг давж, хаврын эхэн сартай золгож буй энэ сайхан өдрүүдийн мэндийг хүргэе. Та сайхан битүүлж байна уу.
Алтайн говийн унаган зүйл амьтан МАЗААЛАЙ намайг ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ амьтан хэмээн онцолж, жил бүрийн 2 сарын 28-ны өдрийг Мазаалай миний өдөр болгон улс даяар тэмдэглэх болсонд туйлаас талархдаг билээ.
Мазаалай намайг шинжлэх ухааны хэлээр Ursus arctos gobiensis гэж нэрлэдэг нь онцгой ховор зүйл гэдгийг маань нотолдог бөгөөд Монголын төдийгүй дэлхийн байгалийн үнэт өв гэж эрдэмтэд онцолдог юм. Манай цэнхэр гараг дээр Монголоос минь өөр хаана ч говьд амьдардаг баавгай байхгүй, бид үгүй болбол дэлхийд энэ зүйл хэзээ ч байгаагүй мэт, үүрд устах учраас тэгдэг байх л даа.

“Ердөө 50 гаруйхан бодгаль бий”, “Говийн хатуухан уур амьсгалд дасан зохицож, сөрөн тэсвэрлэж ирсэн амьтад” гэж бидний талаар ярихыг Та сонсч байсан биз ээ. Хатуудаа хатуу ч, нялх хүүхдийн зулай мэт эмзэгхэн хөрсөн дээрээ биднийг торниулж өдийг хүргэсэн эх говиосоо өөр газарт бид амьдарч чадахгүй. Жаахан чийг өгөхөд л хөл дороос ургамал нь түрээд гараад ирдэг гайхалтай газар шороо. Говьд бороо ховор учраас бид гандуу хуурай өргөн уудам говьдоо хэдэн зуун км нүүсээр дараагийн баянбүрддээ хүрч очдог, ингэж л амьдардаг орчиндоо дасан зохицсон амьдралтай амьтад билээ. Бид бас их үргэмтгий, элдэв дуу чимээнээс дайжиж хулжина гэж жигтэйхэн.

Энэ учрыг ухамсарлан биднээр бахархаж, биднийг онцлох болсон Таны алсын хараа, төрийн мэргэн шийдвэрт бид гүнээ талархдаг.
Гэвчиг төр маань Мазаалай биднийг цаашлаад бидний сүүлчийн хорогдох нутаг Алтайн өвөр говийг маань нэг гараараа ивээж, нэг гараараа боомилж байгаа үйл явдал болоод байгаа учраас Монгол төрийн тэргүүн Танд зориглон айлтгал өргөж байгааг минь хүлээн авна уу.
Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ СЭРГЭЭЖ, НЭЭХ” гэсэн дөрөвхөн үгтэй нэгэн заалт орсон нь бидэнд “АЛАХ ЯЛ” заасантай адил болоод буйг Та мэдсэн үү?
Байгальд элэгтэй, МАЗААЛАЙ бидэнд санаа тавьдаг хүмүүс энэ аюултай заалтыг авахуулахаар хэлээ хэлгий болтол ярьж, хөлөө хүрэх газраар бидэнд аврал эрэлхийлж буй цаг дор байгалийнхаа жамаар бид итгэл өвөрлөн өнгөрсөн намар ичээндээ орсон юм. Төр улсаас онцолж өгсөн өдөртэй болсон амьтныхаа хувьд итгэл тээн, анхаарч судалж, алах ялаас хэлтэрсэн буй за хэмээн баярлаад амь хоргодож асан ичээнээс гарч ирээд асуудал дуусаагүйг мэдлээ. Энэ дашрамд өнгөрсөн арваннэгдүгээр сард ичээлсэн зарим маань саяхан хөөрхөн алманцагтай болсныг биднийг үндэсний бахархалт амьтан болгосон Ерөнхийлөгч Танд дуулгахдаа нэн таатай байна.

Хэрэв Боомтын сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн үхэн зүтгэж буй 600 гаруй км хатуу хучилттай зам, эртний тахилга шүтлэгт Нарансэвстэйн нуруунаас эхлэн Талын мэлтэс, Нүдэн булаг гээд бидний идээшилж ундаалж дассан, үржиж олширдог нутгаар тавигдаж эхлэх л юм бол Таны санаачилга цаас төдий болж, Таны тэргүүлж буй Монгол Улс дэлхийн түүхнээ Мазаалай биднийг амьдрах орчинтой нь мөхөөсөн гэж тод хараар тэмдэглэгдэн үлдэх нь ээ! Амьтай бүхний эх болсон Монголын их говь дэлхийн ч, Монгол Улсын ч газрын зураг дээр анхаарлын тэмдэгтэй хэсэг болон хоцорно.
Учир иймээс Мазаалай бид Монгол Улсын Ерөнхийлөгч Таны эр зориг, саруул ухаан, дайчин шийдвэрт найдан Алтайн өвөр говийн салхийг чимээлэн хүлээж байна.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ