Монгол Улсын Засгын Газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 тогтоолоор Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” болгосон. Тэгвэл Мазаалай баавгайг сурталчлах аян “Монгол” нүүдэлчин фестивалын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Энэ хүрээнд хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, уг амьтны талаар танилцуулав. Мазаалай нь говь цөлийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон байдгаараа бусад хүрэн баавгайн дэд зүйлүүдээс ялгардаг. Сүүлийн судалгаагаар манай оронд 50 гаруй мазаалай баавгай байгааг тогтоожээ. Түүний үндсэн байршил нутаг нь Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэгт хамардаг.

Энэхүү амьтны амьдрах орчны загварчлалаар байршил нутгийн хэмжээ XX зууны сүүлээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан судалгаа бий. Амьтан судлаач В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд мазаалайн мөрийг үзсэний дээр Цагаан богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг тухай бичгээр үлдээсэн нь анхны баримт юм. Өөрөөр хэлбэл, мазаалай баавгайн суурийг дэлхийд анх гаргасан гэсэн үг.

Мазаалай нь ойн хүрэн баавгайтай төстэй боловч биеэр бага. Биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, хавар шаргал, цайвар өнгөтэй, хумс цагаан, үс богино, тавхайгаараа нүцгэн хэсэг ихтэй. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой байдаг аж.



