Энэ сард нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Төвийн аймгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бол эхний арав хоног ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үед газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгаа тул малчид тариаланчид, иргэдийг цаг агаарын мэдээлийг тухай бүрд нь авч байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Олон жилийн дунджаар агаарын температур Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс , Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Төвийн зүүн өмнөд хэсгээр 2-8 градус. Говь-Алтай, Дундговь, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь болон Дорноговь аймгийн нутгаар 12-18 градус. Бусад нутгаар 8-12 градус дулаан байна.
Есдүгээр сарын агаарын температур нутгийн баруун хагаст буюу Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Ховд, Баян-Өлгийн нутаг, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх урьдчилсан мэдээ гарчээ.
Хур тунадасны хувьд төвийн бүсийн нутаг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Агаарын температур хур тунадасны явцын тойргоос харвал эхний арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн. Харин эхний арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх төлөвтэй байгаа ажээ. Хур тунадасны хувьд эхний арав хоногийн эхэн болон дунд хугацаанд ахиу байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн хугацаанд харьцангуй бага хур тунадас орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.