Өнгөрсөн долоо хоногийн эхээр эхэлсэн Лос Анжелесийн ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 хүрээд байгаа талаар Лос Анжелес хотын шүүх эмнэлгийн албанаас мэдээлжээ.
Тодруулбал 5 хүн Палисэйдс тойргийн түймэрт, 11 хүн Ийтон тойрогт асч байгаа ой хээрийн түймрийн улмаас амиа алджээ.
Их хэмжээний хохирол учруулаад байгаа энэхүү түймрийг өдөөгч Санта Ана хэмээх хүчтэй салхи энэ долоо хоногт мөн зогсолтгүй үргэжлэн салхилна гэдгийг цаг уурын албанаас анхааруулан мэдээлсэн байна.

Түймрийн эсрэг гал сөнөөгчид хэдэн мянгаараа тэмцэж байгаа бөгөөд Калифорнийн их сургууль болон Ж.Пол Гетти-гийн нэрэмжит гэрэл зургийн музейг чиглэж буй галыг унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээлсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сүүлийн 8 сарын турш бороо, хур тунадас ороогүй нөхцөл байдал, хэт хуурайшилт болон хэт халалт, хатсан мод ургамал, хүчтэй салхи зэргээс үүдэн маш богино хугацаанд томоохон талбайг хамран ассан ой хээрийн түймэр Лос Анжелес хотод учруулаад байгаа хохирлын хэмжээ AccuWeather байгууллагын зүгээс 135-150 тэрбум ам.доллар хэмээн урьдчилсан байдлаар тооцоолон гаргажээ. Ой хээрийн түймэр эхэлснээс хойш нийт 12000 гаруй байшин, барилга байгууламжийг үнс нурам болгон ойролцоогоор 145 шоо дөрвөлжин км талбай бүхий газрыг (Сан Франциско хотоос ч том талбай) хамран асч байна. Түймрийн шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байна.

