Z-MAN Улс төрийн хураангуй…
“Ер нь МАНай нам гарвал утга алга дөө. Бүх нийтээрээ тэгээд балай гэдэгтээ л итгэхээс”. Өөрийгөө гайгүй хуульчийн мухар гэж боддогоо үл нуух Болдбаатарын Гүнбилэг ийнхүү өгүүлжээ. “Би чамд хайртай” кинон дээр сургуулийн захирал Баяраагийн аавд хандан “Энэ Дэлгэрийн сургуулиас гарах өргөдөл. Энэ залуу иргэн яагаад ингэх болов…” хэмээн асууж, түгдрүүлж байдаг. Үүн лүгээ нэгэн адил энэ идэр хуульч, бас ч гэж үнэхээр өөрийн нь хэлсэнчлэн дөмөг хуульчийн үлгэр, бядтай энэ иргэн яагаад ингэж бичих болов. Энэ асуулт иргэн бүрт тавигдаж байна. Нэн ялангуяа нийслэлийн Ардын намын дарга Х.Нямбаатар, МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ нарт хамгийн тод тавигдаж, хамгийн их нэхэгдэх асуулт зүй ёсоор мөөн. Иргэн Болдбаатарын Гүнбилэг өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон, дэргэдэх нийтийн эзэмшлийн газрыг нүдэн дээр алдаж, түүний араас иргэний хувиар, улстөрчийн хувиар, гайгүй хуульчийн хувиар яваад яваад, ямар ч үр дүнд хүрээгүйгээ барим тавим, нэмэр хачиргүй бичжээ.
Шударга бусын, МАН-ын удирдах үйл ажиллагааны өмнө Улаанбаатарын иргэн ингэж сульдан гундаж, хүч туйлдан унадагийг өөрийн жишээн дээр өгүүлсэн байна. Энэ үнэн. Монголын иргэн бүр Б. Гүнбилэг лүгээ адил бичиж, тэмцэж, ярих ёстой юм. Тэгж ирээгүйн харгайгаар өнөөдрийн Улаанбаатар хархны оромж лугаа адил болсныг үл зөвшөөрөх хүн байхгүй биз ээ. Х. Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр засахын төлөө тэмцэж явааг ч ард түмэн анзаарч байгаа байх. Үнэлж ч байгаа байх. Тийм ч учраас үеэл хоёрыг Монголын төрийн дээд албан тушаалуудыг сэлгэн сэлгэн эзэмшиж байгааг “эрх ашгийн үл зөрчлөөр” харан ард түмэн найдсаар байгаа байх.
Б. Гүнбилэг “Гэтэл сүүлийн 4-5 жилд газраа олгоод идээд байдаг. Дарга нарын хэлдэг үг нь энэ хотыг удирдсан 30 жилийн гай гэнэ. Чааваас тэр 30 жилийн сүүлийн хэдэн жилдээ нүдэн дээр идээд уугаад байгаанууд нь тэгж ярьдаг” гэсэн нь эрхгүй анхаарал татна. Б.Гүнбилэг худлаа хэлээгүй байх, хуульч хүн. Сүүлийн дөрөв таван жил чинь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын үнэмлэхүй засаглаж байгаа цаг мөн биз дээ. Хэн үгүй гэх вэ. Ингэхээр асуудал байна аа. Эл хоёр хүн тэмцээд байгаа нь яг үнэн үү гэх асуултыг тавихаар үгийг ингээд Б.Гүнбилэг хэлчихсэн байх юм.
Л. Оюун-Эрдэнийг огцруулах тэмцэл явж байгаа гэж нийтлэлүүд гараад эхэлсэн байна лээ. Л. Оюун-Эрдэнэ хариу болгож, төслүүдийг гацаагчдыг нэрлэнэ гэж арга эрж байна л гэнэ. Л.Оюун-Эрдэнэ тэмцсээр байгаа ч Эрдэнэт үйлдвэр, ногоон автобус, нүүрсний дөчин их наядын хулгай энэ бүхний эцсийн үр дүн нулимдас төдий болсон нь үнэн билээ. Тэмцэл бол бодит ялалт байх ёстой. Бодит үнэн байх ёстой. Цаг үеэ аргацаасан пи ар, үр дүнгээ гээсэн түүх байх ёсгүй билээ. Эдгээр үгс О.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт хаяглагдана. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Болдбаатарын Гүнбилэгийн үгийг эм мэт авах ёстой. Нэгэн цагт Л. Оюун-Эрдэнэ М.Энхболдын дэргэд суугч, зөвлөх Б. Гүнбилэгийг “Чи дуугүй, аятайхан байгаарай” гэсэн агуулгаар ширвээтэн уурсаад гарч одсоныг нийгэм санана. Тэр үед эрх мэдэлтний дэргэд хууль зөвлөөчид хэлсэн үг байх. Харин өнөөдрийн Б.Гүнбилэгийн үг “Дуугүй байгаарай “ гэхээргүй үнэн үг юм. Ард түмэн үнэнд дурлаж, түүнээс амьдралаа аварч, өндийлгөх хэрэгтэй байна л…