Маргааш 2026 оны 7 сарын 9-ний Пүрэв гараг. Монгол Улсын Ерөнхийлөгч эрсдэл дагуулсан хуульд хориг тавих сүүлчийн өдөр. Манай улсын хөгжлийн жолоог атгаж буй улстөрчдийн байгаль орчны боловсролын түвшинг тогтоовол яах арга үгүй “тахир хоёр” гэж дүн ч авахааргүй харагдаж байна. Байгальд элэгтэй хүмүүс Монгол орны байгалийг Монголын төрөөс өдөр алгасахгүй шахам хамгаалдаг цөвүүн цаг иржээ. Монголын төр эх байгалийн эсрэг “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” гэгч шиг л авирлаж байна. Их говийн Нарансэвстэй, Хэнтийн нурууны Ноён уул, Хойд тайгын Хөвсгөл далай гээд аль онгон дагшин, дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газарт илт санаархахын сацуу “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталж, байгаль хамгааллын баталгааг сулруулж, нутгийн иргэдийн оролцоог хязгаарлан, авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг нь аливаа томоохон төсөл, уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тогтоож, хамгаалах гол “шүүлтүүр” юм. Гэтэл саяхан Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл, түүний үзэл баримтлал, дэлгэрэнгүй танилцуулгыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудтай харьцуулан судалж үзэхэд шинэ хууль байгаль, хүн ардын эрх ашигт сөргөөр нөлөөлөх олон эрсдэл дагуулж байна.
Нэгдүгээрт, шинэ хуулиар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх хүрээг хумих, төрийн болон олон нийтийн хяналтыг үгүй хийх хандлагатай байна. Үнэлгээ хийх төслийн ангиллыг хуулиар бус “Засгийн газрын журмаар шийдэх болж буй нь эрх зүйн тодорхой байдлыг алдагдуулж, байгаль орчинд нөлөөтэй төслүүдийг шүүлтүүргүй үлдээх цоорхой болно.
Хоёрдугаарт, байгаль орчинд нөлөө бүхий төсөл хэрэгжүүлэгч өөрөө “Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт” боловсруулахаар тусгасан нь “шүүгч нь өөрөө өмгөөлөгчөө томилох”-той адил болжээ. Энэ нь үнэлгээний бодит, хараат бус байдлыг үгүй хийх аюултай.
Гуравдугаарт, Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн “мэдэх эрх”, орон нутгийн иргэд, малчдын оролцоог багасгаж байгаа нь сум, дүүргийн Засаг даргын хяналтыг үгүйсгэж, нутгийн иргэдийг өөрийн нутагт болж буй үйл явцын тухай мэдээлэлгүй үлдээж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд шууд халдана.
Дөрөвдүгээрт, үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн үүргийг хязгаарлаж, эрх мэдлийг цөөн этгээдэд төвлөрүүлж буй нь хараат бус хяналтын тогтолцоог дордуулж байна. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, тогтвортой хөгжлийн зарчимтай эрс зөрчилдөж буй хэрэг.
Улс оронд бүтээн байгуулалт чухал ч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээс хумслах замаар хэрэгжих ёсгүй. Энэхүү хуулийн төсөл нь байгаль орчны үнэлгээний тогтолцоог сайжруулах бус, харин эсрэгээрээ муутгах үр дагавартай нь туйлын харамсалтай.
Ийм илэрхий аюул эрсдэл дагуулсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, иргэд, орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын оролцоог бүрэн хангасан, байгаль орчны хамгааллын баталгааг сайжруулсан хуулийг дахин хэлэлцүүлнэ хэмээн Монголын байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд, энэ шинэ хуулийн үр дагаварыг ухамсарласан хүмүүс найдан хүлээж сууна. Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдэн, хориг тавьж өгөхийг иргэний нийгмийн байгууллагынхан хүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Хориг тавих сүүлийн өдөр маргааш. Монгол төрийн тэргүүн нэгийг бодож байгаа гэж найдана. Өнгөрсөн хугацаанд гагц Монгол Улсын Ерөнхийлөгч л Монголын байгалийг хамгаалах сүүлчийн найдвар болсоор ирсэн билээ.
Р.БОЛОР

