Улс төрийн хураангуй…
Гишүүн Пүрэвжавын Сайнзоригийг цовдлох ажил ид явагдаж байна. Мань эр гадаадаас ажиллах хүч авах, хугацаа аядуу байх, төлбөр суутгалыг чөлөөлөх зэрэг асуудлыг хөндөн, хуулийн төсөл санаачилж. Дан ганцаараа ч биш юм билээ. Түүнийг дагасан дөрөв таван хүн байна лээ. Чингэлтэй, Баянзүрхийн Засаг ноёд байсан нөхөд харагдав уу, яав. Дандаа МАН-ынхан. Уг нь энэ хууль тийм буруу зүйл биш ээ. Зүгээр, тэр ажиллах хүчний нь, тоо хязгаар, хугацаа нь ямар байдаг юм гэхээс. Нэг зүйлийг эхлээд ойлгомоор байна. Монголын бүх ажиллах хүч дэлхийд гарсаан. Үнэндээ боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэхэд хилс болохгүй ээ. Тэд сурч байгаа, дадаж байгаа. Юм болгоныг чаддаг аа гэдэг. Шалгаралд сайн гэдэг нь бас үнээн. Гэхдээ манайханд сахилга хариуцлага нь байдаггүй ээ, мэргэшсэн байдал нь байдаггүй ээ, үнэнч тэмүүлэл нь байдаггүй ээ, үнэлгээ нь байдаггүй ээ, өөр олон байдаггүй нь байдаг. Ийм учраас л П. Сайнзориг нар хууль санаачлаад байгаа нь үнэн. Цахилгаан станц барья гэхнээн, манайд үүнд тэнцэх ажилчин ховор. Юу үнэн энэ бас үнэн. Монголын эрх баригчид халамжийн бодлогоор угжиж ард түмнээ “чанаржуулдаг”. Амьдралыг нь тэтгэдэг. Энэ нь чухамдаа мөнөөх ажилчин ангийн эгнээг хумих эхний арга хэмжээ болдог. Хоёр гуравхан хоногийн өмнө 120 мянган төгрөг өглөө. Энэ л яг сонгодог жишээ. Тэр 120k үдэштээ жорлонд, улмаар архи болж байна. Иймэрхүү мораль, ёс зүй л манайд ажиллах хүч хэрэгтэйг нэн тодорхой илэрхийлж байгаа юм. П. Сайнзориг нар ажиллах хүчин авах хуулийг санаачлахдаа, арга нь барагдаад Солонгос тэргүүтэнд одсон ажиллах хүчнээ мөн авах хуулийг зэрэгцүүлэх ёстой байсан. Сургах, дадуулах, урамшуулах, бусдын чаддаг мэргэшлийн түвшинг эзлэх хөшүүргийг гадаадад хараар ажиллагсдадаа олгох байсан. Урих байсан. Гадаадад очихоор олны олон дунд монголчууд хамгийн сайн ажилтан байдаг. Тэд эх нутагтаа ажиллах нөхцөл гадаадад ажилласнаас муу учраас харийг зорьдог. Юу ч мэдэхгүй ирээд чадварлаг ажилтан нь болдог.

Төрөлт багассанаар дотоодын ажиллах хүчний хомсдол үүссэн. Энэ нь 2030 он хүртэл үргэлжилнэ гэж хуулийн төслөө өргөн барихдаа тэр онцолсон байна лээ. Төрөлт багассандаа бус төрийн бодлого алдагдсандаа гэх байсан юм. Хүн ам зүйн цонх үе гэсэн ойлголтоор бол харин ажиллах хүчин хамгийн өндөр байх ёстой үедээ монголууд ийм байдалд орж байгаа нь цэвэр төрийн бодлогын алдаа гэдгийг хэлэх байсан юм.
Бусдаар П. Сайнзоригийг адлах учиргүй. Эдийн засаг, бүтээн байгуулалтгүйгээр энэ улс урагшлахгүйг подгор додгороороо дуудуулдаад байгаа П. Сайнзориг онцгой илэрхийлсэн байна лээ. Зөв. Эр хүн. Бас ч гэж хуульчийн хугархай байх шиг байна. Хөөрхөн эр зоригтой. П.Сайнзоригийнхоо хуулийг ард түмэн хэлэлцэлгүй яахав. Хэлэлцэх ёстой. Гэхдээ ул суурьтай, алдаа мадаггүй хэлэлцэх учиртай. Мань сайн Сайнзолиг гэгдэгч тэгэх ёстой гэсэн байна лээ. Монголчууд бид өөрсдөөсөө хайх асуудал их байна. Хамгийн эхэнд чаддаггүйгээ чаддаг мэт бодоод байгаагаа ойлгох ёстой. П. Сайнзориг тэрийг л яриад байх шиг байгаа юм. Ард түмээн, П.Сайнзоригийгоо “цовдол, цовдол, сайн цовдол”! Санаачилсан хууль нь чухам юугаараа хэрэгтэй, юугаараа хэрэггүйг бүгдээрээ ойлготол, бүлээн усаар шүршиж, цовдлон хэлэлцэцгээ. Эцэст нь, өөрсдийгөө, Монголоо ойлгох ёстой. Хятад ажилчид Монголыг мөхүүлэхгүй. Тэгүүлэх ёсгүй үүрэгтэй нь монголчууд өөрсдөө. Тэгэхээр асуудал бидэнд л байгаа юм. Бид л өөрсдөө хүн шиг, ажилладаг хүчин шиг хүчин байж, төр нь ажиллах хүчнээ ажилласан шиг ажиллах боломжийг өгөх ёстой юм. Тэгвэл бусдад угаасаа зай олдохгүй.
Z MAN