-Намуудын байгаа царай нь энэ юм-
Намууд нэрээ дэвшүүлж дууслаа. Хүмүүс өөр өөрийнхөөрөө тэднийх цэвэрхэн, тэднийх тааруу гэж дүгнэж байгаа нь харагдана. Боловсролтой сэхээрэлтэйхэн зарим хүн нэр дэвшүүлэлтүүдийг харлаа, гадагшаа явья даа гэсэн нь ч байна. Улс төрийн намууд хэрээрээ л нэрээ дэвшүүлсэн нь энэ юм. Манай улс төрийн намуудын байгаа царай нь л угаасаа ийм. Харин ч хөөрхий, хэрэндээ хичээсэн нь харагдана.
МАН байна. Найман жилийн турш эрх барьсан. Үнэндээ ард олны амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Бахь байдгаараа. Илүү айдас хүйдэс мэдрэгдсэн он жилүүд. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Эрх бариад байгаа нам нь авлигач хулгайчдаа цэвэрлэх гээд ч байгаа юм уу, аль хэдийнэ улс төрөөс явчихсан нэгэнтэй үзэлцээд ч байгаа юм уу, сүүлдээ ойлгохоо байсан. Хамгийн гол нь тэд эрх барьсан нь үнэн, амьдрал сайжраагүй нь үнэн байсан болохоор жагсаалтаа тэс өөрөөр зурлаа. Хүмүүс бахдаж байна. Бүх дарга нар нь 1-3-т ирийж байсан 2012 оны жагсаалтын хажууд тун аятайхан. Салбар салбарын төлөөлөл, нэр ус нь сэвтээгүй, угаасаа хэн ч мэдэхгүй юм чинь. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, нас хүйс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сайн багш, инженер гээд давгүй харагдаж байна. Гэхдээ тэдний нэлээд нь Монголдоо олон жил амьдраагүй, хөрсөн дэх амьдралаа мэдэхгүй, улс төрийн хатуу хөтүүг мэдэхгүй учраас асуудал угаасаа үүсэх байх. Тэр хүмүүст ч асуудал, намд ч томоохон асуудал үүсэх нь тодорхой. Угаасаа намын соёлыг ч мэдэхгүй, гэнэт жагсаалтаар гишүүд болсон хүмүүст асуудал ч үүснэ, асуудал ч үүсгэнэ. Одоодоо бол давгүй харагдаж байна. Холимог тогтолцоогоор жагсаалтаар намууд хүн дэвшүүлэх, тэгэхдээ тасралтгүй хоёр бүрэн эрхийн хугацаанд төр барьсан намын амь аврагдах гэсэн ухаалаг алхам. Энд сайн нь ч багтсан байх, бас намын удирдлагууд өөрсдөө ч мэдэхгүй асуудлын эзэдтэй болж ч магад.
АН-ын жагсаалтыг харья. Бас л байж болох дээд хувилбар нь байх. Намын даргаараа толгойлуулж, залуу үеийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй жүжигчин залуу тэгээд бас бус улс төрд явж ирсэн нөхөд.
Мөнгөний хүчин зүйл нөлөөлсөн жагсаалт гэдэг нь тод харагдана. АН-ынхны хувьд МоАХ-ын фракцийн нөлөөллийг дарах гэсэн оролдлого нь нэлээд хүчтэй явсан нь нэр дэвшилтээс харагдаж байна. Нэр дэвшилт зарлагдлаа гээд энэ намын зовлон ч дуусчихаж байгаа юм биш л дээ. Зодоон цохион нь ч дуусахгүй, нэр дэвшсэн хүмүүс нь мөнгөө нэхээд бичээд эхэлсэн л харагдсан. Найман жил гудамд явсан энэ намынхан сонгуулийн мөнгөө босгох гэж ил далд зөндөө гүйсэн дээ. Аль гуравдугаар сард жагсаалтад орох 10-12 тэрбумаа бэлдчихсэн байгаа гэгдэж байсан хүмүүс гишүүн болж багтах дугаартаа ч багтсан харагдаж байна.
Мөнгөний энэ асуудал ч ХҮН-ыг тойрсонгүй. Жагсаалтын хоёрдугаарт бат бичигдэнэ гэж өөрөө байтугай улс даяараа бодчихсон байсан эмэгтэй зургадугаарт бичигдсэн байна лээ. Таван тэрбумын босго давна гэдэг бас л чанга л даа.
Нэр дэвшихээр горилж, жагсаалтад орох гэсэн хүмүүс мянган компанийн нэр бичиж яваад түүнийгээ гүйцээсэн гэх юм. Эргээд гишүүн болсон хүмүүс тэр компаниудынхаа халаасанд орохгүй байх баталгаа бидэнд байгаа юу. Эрх баригч нам жагсаалтаас мөнгө босгоогүй байх ч, тойрогт чичирсэн хүмүүс хангалттай өгсөн сурагтай байна. Нийслэлийн баруун дүүргээ сөрөг хүчиндээ бараг бэлэглэчихэж байгаа бололтой. Тэнд нэр дэвшихийг хүссэн баян айлын хүүхэд өөртэйгөө адил хүйсний хүмүүстэй нэр дэвшихийг хүсээгүй учраас тэнд байсан хүмүүсийг үлдээхийг үлдээж, өөр тойрог руу явуулахыг нь явуулсан гэх. Сүүлийн мөчид намаасаа мандат аваагүй гэж яригдаж байсан хүмүүс эрхээ олж авсан нь бас л мөнгөний хүчин зүйл гэдгийг Бага хурал, ҮБХ-ноос хоосон хоцорсон хүмүүс хэлсээр байгаа юм. Ер нь юу болохгүй, бүтэхгүй байгааг ил хэлж зарлах нь хожмын өдрүүдэд Монголд хэрэгтэй л дээ.
Товчоор дүгнэж хэлэхэд, намууд хэрэндээ хөөрхий хичээжээ, хүмүүсээ дэвшүүлэх дээр. Гэхдээ сонгогчид, олон нийт сэтгэл дундуур байна. Энэ нь намуудын төлөвшил хөгжил хойно хоцорчээ гэдгийг л харуулж байна. Цаг үе өөрчлөгдөж байна аа, эрин үе солигдсоон. Одоо намууд та нар тэнцэж ир ээ. Төлөвшил, манлайллаа та нар л өөрсдөө хийнэ. Мөнгөнөөс хараат байдлаасаа гар аа. Одоо төрөөс, төр ч юу байхав, татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэх болсон. Энэ сонгуулийн үр дүнд аль нам хэдэн суудал авснаар чинь хувилж гаргаад мөнгө өгнө. Жил бүр өгнө. Намуудыг авлигын мөнгөнөөс ангид төр улсаа төвхнүүлж, өөрсдийгөө төлөвшүүлээрэй гэж өгөх мөнгө болохоос ядарсан ард түмэнд чинь мөнгө илүүдсэндээ өгч байгаа юм биш.
Одоо жагсаалтад орох гэж, тойрогт явах гэж хэдэн тэрбумаар төлөгдсөн энэ мөнгөө зарим хүмүүс яаж эргүүлж авах бол, хуулийн хулгайгаар шархаа нөхөх үү, хандив авсан компаниуддаа давуу эрх олгох болов уу. Үүнээс ангид байх гэж улс төрийн намуудыг санхүүжүүлж байгааг ямагт санаарай. Мөнгөө өгч байгаа иргэн бүр та нараас хариуцлага нэхэх болно, төлөвшиж тэнцэж ирэхийг чинь нэхэх болно шүү.
Э.ЭНЭРЭЛ