Улс төрийн хураангуй…
Нямтайширийн Номтойбаярын хэлээд байгаа бүгд үнэн. Утаа бууруулах нэрийдлээр мянган дарга, мянган ажил хийж, мянган зуух тараасан, мянган авлига хээл хахууль болсон, мянган цавчаа хийсэн. Мянган төсөл байгаа ч мянгуулаа утаа бууруулахгүйг ч мэдээд байгаа Н.Номтойбаярын зөв. Өнөөдрийн явж ирсэн бүх замыг энэ янзаараа л яваад байвал бүтэхгүй гэдгийг Н.Номтойбаяр хэлээд байна. Тийм учраас тэр утааг үгүй болгох ажлаа надаар хийлгэ. Гайхамшиг бүтээж чадна. Утааг үгүй хийгээд өгье, намайг томилоод, намайг хариуцуулаад өгье гэж байгаа нь ч үнэн. Н.Номтойбаяр хаа очиж шийртэй аавын хүү. Чадна гэсэн бол чадна. Тэр идэж уухгүй. Тэгэх шаардлага байхгүй. Хүн төрөлхтний стандарт чинээлэг амьдралд эцэг эхийн дэмээр анхнаасаа суусан хүн. Манай улс төрийн өлөнгүүдээс тэр ганцхан талаар маш давуу.
Тэр нь хулгай хийдэггүй. Хулгай хийх шаардлагагүйнх. Ингэж хэлснээрээ бусдыг нь хулгайч гэлээ гэж заргалдсан ч Н.Номтойбаяраас өөр цэвэр хүн олдохгүй нь ойлгомжтой. Эрх баригчид аа, Л. Оюун-Эрдэнэ ээ, Л. Гантөмөр өө, Т. Доржханд аа, Нямтайширын Номтойбаярыг утаа бууруулах төслийн нэгжийн даргаар, Үндэсний хороон даргаар томилоод өг өө. Салдангийн Одонтуяагийн оронд тавь. Та нарын чадахгүйг чадья гэлээ. Үндэстнээ утаанаас аварья гэлээ, өөрөө чадна, хулгай хийхгүй гэлээ, гайхамшиг бүтээе гэлээ. Үүнээс илүү яаж илэрхийлэх юм бэ. Н.Номтойбаяр УИХ-д дөрвөн суудалтай, эрх бариагүй нь үнэн. Шоовдор байгаа нь үнэн. Эрх баригч даргад дээрэлхүүлэн орон шоронд суусан нь үнэн. Заримдаа танхайрдаг нь үнэн. Бас ард түмний амьдралыг тийм ч нарийн мэддэггүй нь үнэн. Шазруун нь үнэн. Толгой хаялан, ихэрхдэг нь ч үнэн. Ихэрхлээсээ үүдээд их олон хүнийг өөрөөсөө түлхдэг нь үнэн. Ингэж ихэрхдэг нь юу ч гуйхгүй гэсэн хатуу бодолтойгоос болдог нь үнэн. Шоронд орох болсон ч гуйхгүйдээ ороод гарсан нь ч үнэн. Гэхдээ одоо Нямтайширын Номтойбаяр гуйж байна шүү дээ. Утааг үгүй болгоод өгье гэж гуйж байна шүү дээ. Монголд ямар аавын хүү ингэсэн юм бэ. Байхгүй. Н.Номтойбаяр л хэллээ. Ийм эрс үгийг тэр л хэлж чадна. Үндэстнээ аварья гэсэн Н.Номтойбаярын ганц гуйлтыг биелүүлээд түүнийг утаанаас улсаа аврах эрх үүрэг бүхий эрх барихад нь туслаад өгөөч Л. Оюун-Эрдэнэ ээ. Бүх ард түмнийхээ тусын тулд. Юу ч гуйдаггүй Н.Номтойбаярын утаанаас салгана гэсэн ганц гуйлтыг нь зөвшөөрөөд өгөөч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ээ! Хэрэв чадахгүй бол ард нь шондоо өлгөнө биз. Хариуцлага нэхэж баална биз. Чадахгүй ажил биш. Н.Нямтайширын Номтойбаяр намайг томилоод, утааг үгүй болгох ажлын даргаар томилоод өг гэсэн түүний хүсэл бол Монголын бүх ард түмний гарцаагүй хүсэл, ганц хором хойшлуулшгүй хүсэл, амин хүсэл, амиа аврах хүсэл.
Z MAN