Z-MAN Улс төрийн хураангуй…
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад сар гаруй болж байна. Мунгинасан, үйл ажиллагаа нь илтэд удааширсан, албан тушаалын томилгоогоо явц цав хийх гэсэн бэлтгэлээ базаахаас өөрөөр содон харагдах зүйлгүй байна.
Монголд одоо зөвхөн томилгоо л хийгдэж байна. УИХ-аа иргэд томилсон. Үргэлжлээд Ардын намын генсек Д. Амарбаясгалан УИХ-ын дарга болсон. Я.Содбаатар намын ажлыг нь авсан. Я.Содбаатараас Г. Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын даргыг өвлөсөн. Одоо албан тушаалын томилгоо энэ намаржин явагдана. Улс төрийн цаад гүнд, зөвшлийн эхэнд албан тушаалуудад хэн хэнийг тавих асуудлууд хөндөгдөж, яригдсаар байгаа бололтой байна.
Л.Оюун-Эрдэнийн өрөөнөөс гарч ирээд хотын даргын ажлаа өгсөн Д.Сумъяабазар Улаанбаатар төмөр замын дарга болох чиг яригдсан, тохирсон шиг бололтой. Ерөнхий сайд болон хотын дарга Х.Нямбаатар хоёроос шууд дэмжлэгтэй тэрбээр энэ албанд очих нь бараг тодорхой болов уу. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшүүлэлгүй, тэр ч байтугай нийслэлийн намын даргын суудлыг нь авсан хурлын дараа асгартал уйлж байсныг нь ойр хавьд байсан хүмүүс нь ярьдаг. Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байгаа Х.Хэрлэн харин Эрдэнэт үйлдвэрийн даргаар очиж мэдэх. Энэ үйлдвэрийн даргад олон жил яригддаг, тийм хүсэлтэй нь нийгэмд ихээхэн ойлгогдсон хүн л дээ. Томилгоо бүрт түүнийг зүтгүүлж яваа нэр дуулддаг, гэхдээ өөр хүмүүс болчихоод байсан гэмтэй. Энэ удаад хүсэл нь биелэгдэх төлөвтэй. Эрдэнэтийн даргаар тавигдахдаа тус үйлдвэрийн дотоод эмх замбараанаас анхнаасаа болгоомжилж, бэргэж очсон Г.Ёндонг харин “Эрдэнэс таван толгой”-н захирлаар томилж мэдэх нь шиг байна. Тус компанийн захирлаар Х.Мөнхжаргал гэдэг хүнийг түр маягтай үүрэг гүйцэтгэгчээр хоёр ч удаа томилсон. Жинхэнэ удирдах хүн нь ирэхээр бэлэн байлгах учиртайм гэхээр харагддаг.
“Таван толгой түлш”-ийн захирал Ц.Даваацэрэн гэдэг тулхтай хүн ажлаа өгөх нь гэсэн яриа гарчээ. Одоо энэ компани хотын мэдэлд буюу Х.Нямбаатар нарын эрхшээлд ирж байгаа юм билээ. Ер нь, хотын хувь заяатай холбоотойгоор Монголын хамаг гол мега төслийг нийслэлийн даргатай, Х.Нямбаатарын суудалтай уях үзэгдэл онцгой тод харагдаж байна. Зөв ч биз, бас бодох ч ёстой биз.
Бээжинд Элчингээр байсан Т.Бадралыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж мэдэх төлөвтэй. Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярыг Тагнуулын даргаар тавих мэдээ явж эхэллээ. Монголын гол улстөрчдийн нэг, саях сонгуульд ойчсон Ч. Хүрэлбаатарыг Монгол банкны удирдлагаар тавих чиг гарч, тэгснээ МАН-ынхан өөрсдөө дотроосоо эсэргүүцэж байгаа гэх юм. Ч.Хүрэлбаатарыг тал талаас нь боорлох ажиллагаа үргэлжилсээр байгаа юм уу даа, янз нь.
Ардын намын УИХ дахь бүлгийг толгойлж асан, сонгуульд бүдэрсэн Д.Тогтохсүрэнг “Монросцветмет”-ийн даргаар мөн томилох сураг дуулдах. УИХ-ын анхдугаар хуралдааны дараахан түүнийг УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар очно гэсэн яриа гарч байсан. Гэхдээ өөрөө голсон сурагтай байсан. Харин энэ томилгоо нь ортой л байх. УИХ хамтарсан Засгийн мөрийн хөтөлбөр батлаад, ирэх мягмарт завсарлана. Залгуулаад л, эдгээр томилгоо явагдах чигтэй юм. Харин УИХ хууль номоороо аравдугаар сарын 5-нд намрын чуулганаа нээгээд, Төрийн хэмнэлтийн хууль тэргүүт олон хуульд өөрчлөлт оруулах,төрийн албаны босгыг бүдгэрүүлэх, тоймжуулах ажил их хийгдэнэ. Мөн үеэс л хамтарсан Засгийн албатууд төрийн бүх түвшинд “орон байртай” болох болов уу. Энэ болтол бүх сайд, даргын өрөөнд анкет овоорох байх аа.
Гэхдээ томилгооноос чухал орон нутгийн сонгуулиа мэдэж байгаа нам, улс төрийн хүчин байна уу. Иргэдийн амьдралд хамгийн ойр хариуцлагатай албанд хариуцлагатай хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой шүү.