Улс төрийн хураангуй….
Баттөмөрийн Энхбаяр хүний муу үзэх гээд байдаггүй байх. Хүнийг гүтгэх гээд зүтгэдэггүй байх. Хүний ул шагайгаад байдаггүй байх. Гадаад биеэр нь шинжихэд багагүй өндөр хүн. Ул шагайх гэж их бөхийх тээртэй байх. Биеийн бөхийлтөөс илүүтэй ёс суртахууны бөхийлт зүдээх нь дамжиггүй. Гэхдээ энэ гишүүн гарцаагүй шударга ёсонд харьяалагддаг гэж ойлгогдох асуудал, үндэслэлийг нийгэмд гаргаж тавьдаг нь жинхэнэ ёс суртахуун, хуульчийн уг байх. Б.Энхбаяр бас их том нүдтэй. Бурууд нүд хурц гэдэг. Түүний том нүд бурууд хурц, халгаатай нь манай эрх ашгийн олз болов уу. Б.Энхбаяр Бор тээг гэдэг ордыг тойроод нүд хурц, ул шагаймтгай яваад байгаа. Энэ зөв өө. Бүр их зөв. Бор тээг дээр Болдын Жавхланг эрх ашгаа арван хувиар шингээсэн байх магадтай гээд ил тод хэлээд байна. Нүүрсний сонсголыг толгойлж байхдаа Сангийн сайдыг гэрчээр дуудсанд ирээгүй, зугатаж одсон гэж мэдэгдээд байна, ард түмэн ч бас мэдэж байгаа. Нүүрс боловсруулах монополь эрхийн арван хувийг туучихаж гээд байгаа юм. Ингэхдээ, Сангийн сайдынхаа эрх мэдлээр лаахайдан, тус яаманд оноогдсон “Админериал”-тай холбоотой тендэрийн маргааныг хянахдаа татгалзан эрх ашиг, үйлдлээрээ тийн 10 хувийг зооглосон байх магадтай гэж нот тодорхой хэлээд буй билээ.
Татвар тогтоох асуудлыг Б. Жавхлан мэтийн хүмүүс өөртөө ашигтайгаар сүйхээчилж, авлига болгож хувиргана гээд арга замыг нь ч тунхаглачихсан. Б. Жавхлан хэрэв ингэсэн бол огцрох болзлоо бүрэн хангасан бөгөөд УИХ, Засагт сайд гишүүн байх нь бүү хэл дээлээ нөмрөх эрсдлийг өөртөө дуудсан байх магадлалтай байна. Сангийн сайд гурвантаа хийлээ. Гурван удаа гишүүн хийлээ. Юу дутсан гэж ийм асуудалд сэрдэгдэх, үндэслэлтэй болдог байна аа. Чингис хаан зэрэг банкинд ч холбоо хамааралтайг, эрх ашиг наасан тухай олон жил бичигдлээ. Монголын төрийн толгой эрхтнүүд ийм асуудалд орооцолддог, энэ нь ямар ч хариуцлагагүй эл доль болдог нь ард түмний итгэлийг үргэлж үгүйсгэхийн дээр, гадаад талд бүрмөсөн завхрал болж харагддаг. Сангийн сайд Болдын Жавхлан нэн даруй шалгуулах хэрэгтэй. Бор тээг дээр хар эрх ашиг ханхлуулан, харх шиг байж, болохгүй зүйл хийсэн үгүйгээ нотол. Б. Энхбаяр Бор тээгийг бүлтийтэл ажигласаар байх нь. Бор тээгт нүүрлэсэн хар эрх ашгууд хэн хэнд ямар системээр хэрхэн наалдсан болохыг тод томруунаар ард түмэндээ ойлгуулах байх аа. Улсын эрх ашгаас урваж болохгүйг Хуулийн сайд байсан хүн сайн мэдэж байгаа биз. Цэндийн Нямдоржтой заалдаж явахдаа цэн цунгаар нь бүрэн ойлгосон гэж ард түмэн ойлгодог.
Z MAN