Улс төрийн хураангуй…..
Монгол улсын иргэдийн эрүүл байх боломж зургаахан хувь гэдгийг Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан хэллээ. Ямар гутамшигтай болохыг хэлэлтгүй. Үүнд бүх хүчин зүйл нөлөөлж байна гэж тодотгосон. Эхлээд утаанаасаа салах ёстой гэж улсын иргэдийн эрүүл мэндийн бодлого баригч хэлэв. Тогтмолын Мөнхсайхан чухамхүү утаанаасаа салах ёстой гэж хэлж байгаа шигээ үүндээ эхлээд манлайлах ёстой юм л даа. Үндсэн хуулийн тэргүүн заалт улсын иргэн эрүүл, амьд явах эрхтэй. Монгол улс Үндсэн хуулийнхаа тэргүүн заалтыг хэрэгжүүлэхгүй, ард түмнээ эрүүл амьдрах зургаан хувийн боломжоор хангаж байна гэдэг бол ертөнцийн шившиг. Энэ бүх арчаагүйтлийн, Т.Мөнхсайханы хэлээд байгаа бүх хүчин зүйлийн анхдугаарт энэ улс орныг удирдаж байгаа эрхтнүүд, төр баригсад ямар ч маргаангүй зуун хувь буруутай.
Тэдэнд хүн чанар, улс орон, ард иргэдээ гэж бодох хүний сэтгэл, өмөг түшгийн үртэс ч үгүйн илэрхийлэл өнөөдрийн Монголын гутамшигууд. Монголд өнөөдөр хавдар өвчнөөр өдөрт 14 халуун амь үрэгдэж, оршуулгын цуваа нийслэлийн замын тал бүрт хахаж байгааг энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс яагаад хардаггүй юм бэ. Түүнээс ч олон хүн хорт утаанд угаартаж, үхэж үрэгдэн, эмнэлэгүүдэд өвчтөн нь хахалдаж байгааг төр баригсад юунд эс үзнэм. Гадаадаар бөөн бөөнөөрөө явсан түшээд гишүүдийн зураг хөрөг цахимын хараалаар дүүрэн. Монгол Энэтхэг биш, Хятад биш. Гуравхан сая хүнтэй. Сая таван зуун мянган километр хавтгайн ердөө ганцхан хунхад, Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд нийт иргэнийх нь тал амьдарч байна. Алтан тэвшийн хөндий аймшигт үхлийн хөндий болоод удсаны бурууг төр засгийг эрхшээж ирсэн бодлоготон, мяндагтнуудын буруу болох хэнд ч ойлгомжтой. Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан нар аа. Аюулгүйн зөвлөлийн гишүүдээ, ард түмэн эх орноо хайрлаж Улаанбаатарыг үхэл-утаанаас чөлөөлөөч ээ. Онц байдал зарлаад, бүх утааны голомтод мөнгө хөрөнгө зарцуулаад, хүнийхээ амийг тэтгэхэд хөрөнгө оруулаач ээ. Иргэнгүй улс бол улс бус. Иргэн нь өвчтэй, өвчилсөн улс бол тахир дутуу. Их тэнгэрийн амны хэдэн айлд энэ улсын сая өрхийн амьдрал, гуниг зовлон хамаагүй гэж үү. Дээдсүүд минь ухаарч, улс орноо, угаартсан иргэдээ авараач ээ. Т.Мөнхсайхан сайд “зулын гол” болж, иргэдийнхээ төлөө тэмц. Тиймийн үүрэг хариуцлага тохоож энэ албанд иргэд өөрийг тань томилсон. Иргэд Засгийг байгуулдгийг хатуу сана. Зургаан хувийн амьд явах боломж байна гэж мэдэгдэж сууснаас үлгэрлэл үзүүлж, хариуцлагад эргэлт гаргах нь харьцуулашгүй чухал нинжин сэтгэл, эх оронч үйл болно,Т. Мөнхсайхан сайдаа.
Z MAN