Байгалийн нөөцөөс хамаарал бүхий Дорнод ,Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудын хөдөө орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилго бүхий АДАПТ төсөл нь Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тухайн аймгуудын малчид, тэдгээрийн үүсгэл санаачлагыг байгууллагууд болох Малчдын холбоо,Нөхөрлөл, Хоршоод, төр хувийн хэвшлийн байгууллагууд,холбогдох аймаг сумдын Засаг дарга, түүний тамгын газар, ИТХ , ХХААХҮЯам, БОАЖЯам зэрэг бүх шатны байгууллагуудтай хамтран, бодлого төлөвлөгөөгөө гарган үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулж байна.
Төслийн үйл ажиллагааны санхүүжилтын 30 хувийг орон нутаг өөрсдөө гаргаж, төслийн нийт хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг орон нутаг хариуцаж, иргэд,малчид, хөдөөгийн иргэдийн санал санаачлага ,хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан тэдний шууд оролцоотой аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлж буй нь төслийн онцлог юм.
Төслийн эцсийн үр дүнг тухайн сум орон нутгийн иргэд шууд хүртэж, нутгийнхаа газар усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөгөөтэй ашигладаг болох, үүндээ тулгуурлан бэлчээр усны нөөцөө зүй зохистой ашиглах, хамгаалах, сэргээх арга хэмжээг хамтран хийх, гэрээгээр албажуулж хэрэгжилтийг сайжруулж, малчдын оролцоог нэмэгдүүлэх юм.
Тухайн бүс нутагт татмын ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгдэж, булаг Шандын эхийг хамгаалж, худаг гаргаж, хөв цөөрөм байгуулж, бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх , байгалын онцгой нөхцөлд ашиглах хадлан тэжээлийн агуулах барих ажлууд бодитойгоор хийгдэж эхлээд тодорхой үр дүнгүүд гарч эхлээд байна.
Тухайлбал, зөвхөн 2023 онд л гэхэд 710 га талбайд татмын ойжуулалт ,ойн нөхөн сэргээлт хийх замаар усны нөөц экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилтын хүрээнд төслийн дөрвөн аймагт зохион байгуулжээ. Мөн Хадлангийн болон бэлчээрийн нөөц газар хамгаалах нөхөн сэргээх зорилтын хүрээнд 427 га талбайд хадлан тэжээлийн ба бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа зохион байгуулах, аюулгүй нөөцийн тэжээлийн агуулах, өвсний саравч барих ажлын хүрээнд 22 өвс тэжээлийн агуулах барих засварлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Усны хүртээмж, бэлчээр усжуулалтын нэмэгдүүлэх хүрээнд 24 булгийн эхийг хашиж хамгаалан, 144 худаг гаргах болон засварлаж, зургаан бага оврын хөв цөөрөм барих ажлын төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнээс гадна гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхийг нэмэгдүүлж бэхжүүлэх зорилтын хүрээнд олон ажлыг төлөвлөн ,орон нутгийн байгууллагууд, малчид, малчидын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулж, тэдний орлогын тогтвортой найдвартай эх үүсвэрийг баталгаажуулах нь төслийн нэгэн зорилт ажээ. Энэ бүхнээс харахад АДАПТ төсөл нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замыг цогцоор нь харж, төлөвлөж хэрэгжүүлэхийг зорилгоо болгосон байна.
Малчид хөдөөгийн иргэдэд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь авч үзэж, судалгаа төлөвлөлт, шийдэл, хүрэх үр дүнг нь нэгтгэн цогц байдлаар хэрэгжүүлж байсан ийм төсөл Монголд урьд өмнө байгаагүй гэж үзэж болох юм. Төсөлд орон нутгийн бүх шатны удирдлага, иргэд малчид хамтран оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замаа тодорхойлж, үр дүн,үр шимээ хамт хуваалцаж, ирээдүйгээ харж төлөвлөж байгаагаараа төслийн шинэлэг, давуу тал оршиж байна.
Эцсийн хэрэглэгчид ,малчдад төслийн үр ашиг хүрч, нүдэн дээр нь булаг шанд сэргэж, худаг ус нэмэгдэж, бэлчээрийн нөөц үүсч, өвс тэжээлээ нөөцлөх хадгалах боломж нэмэгдэж, сүү сааль, ноос ноолуур, мах, түүхий эдээ зах зээлд тогтвортой нийлүүлэх,орлогоо нэмэгдүүлэх, үр ашгаа тооцоолох боломж бүрдэж буйгаараа Дорнод, Сүхбаатар Ховд Завхан аймгийн малчдад ашигтай юм.
Энэхүү АДАПТ төсөл нь Монгол орны бусад бүс нутгийн малчидад сайн жишиг, бодит туршлага болох онцгой ач холбогдолтой юм.