Улс төрийн хураангуй…
Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон парламентын гишүүн Жудагийн Баярмаа өөр дүр төрх үзүүлж байна. Өөр гэдэг нь, идэвхтэй, судалгаатай, хариуцлагатай хууль тогтоогчийн шинж төлөв, зарчмыг харуулж байгаагаар тодорхойлогдож байгаа юм. Тэрбээр, улирлын өмнө анх гишүүн болоод л асуудлыг бодитой барьж, учрыг магадалж УИХ-ын танхимд дуугарч эхэлсэн. Гишүүн болохынхоо өмнө үүргээ ухамсарласан гэсэн үг. Парламентын гишүүн л болох ёстой гэсэн нэг хэсэг байдаг. Тэдэнд тийм малгай, бизнесээ хамгаалах, хөхиүлэх, нийгмийн чухаг хүнээр харагдах гэсэн ялигүй хувь сонирхол давамгайлдаг. Нөгөө хэсэгт нь гарцаагүй юм хийх юм шүү, урагшлуулах ёстой шүү, өнгө төрх, үйлдлээрээ зөв ажиллах ёстой шүү гэсэн зарчим үйлчилдэг. Ж.Баярмаа бол энэ хоёрдугаар хэсгийн хүн бололтой. Энэ анхнаасаа л тодорхой ажиглагддаг. Өдгөө ч анхны 126 гишүүнтэй парламентынхан танигдацгаагаад эхэлсэн. Хоёроос дээш, дөрөв, тав сонгогдсон хулгарууд аанай л төсвийн хулгай хийцгээх уламжлалдаа ханцуй шамлан, Монголын төрийг унаж өөрийгөө болгодог, өөрийгөө л өргөдөг арчаагүй, зарчимгүй үйлдлээрээ шинэ парламентын 80 хувь болох шинэ хууль тогтоогчдыг “үлгэрлэн”, муу зуршлаараа утаж байна. Харин энэ утмал дотор шинэ гишүүд эрүүл, зөв байх хандлагыг үзүүлж байгаа нь сайн хэрэг бөгөөд, Жудагийн Баярмаа үүнд оройлох магадлалтай нь ажиглагдана. Тэрбээр төсвийн хэлэлцүүлгүүд дээр жинтэй үгс хэлж байна. 18.3 тэрбум төгрөгийн ваучер бол соёл урлаг гэх нандин зүйлсийг маск болгон зүүсэн халамж юм. Бүр тодруулбал, сонгогчдыг авлигадаж буй сонгуулийн клиентелизм гэсэн үг хэмээн хэлжээ. Юу үнэн энэ үнэн л дээ. Ардын нам, тус намын халамж үргэлж ихдэж ирсэн. Юу ч үл бүтээх нийгмийн дорой давхаргыг үргэлж хөхиүлсээр ирсэн бөгөөд энэ нь эцэстээ сонгуулийн авлига гэдэг нь угаасаа толорхой. Хамгийн гол бүтээгчийг бус, алгаа тосон халамжлуулагчийг үргэлж тэтгэдгээрээ энэ нам улсаа байнга хорлодог. Нигүүлсэгч дүртэйгээр нийгмийн сул хэсгийг татаж, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн мөнгийг эрх барьж буйн дор үрэн таран хийдэг. Энэ л үрэн таран хийдэг тогтолцоо нь эрх бариулдаг билээ. Жудагийн Баярмаа гишүүн үүнийг дээрх жишээн дээр нэн тодорхой өгүүлсэн байна. Цаашид илүү өргөнөөр , илүү нягтлалаар энэхүү нийгмийн хуульчлагддаг авлигыг ярьж хэлж, зарчмыг тогтоогоосой билээ. Шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлуулахаар агентлагийн мөнгийг танхимын нь даргын хамааралтнууд шамшигдуулсныг нийгмээрээ нэг шарж, хэвлэлийнхэн дургуйцлээ байнга илэрхийлж байгааг Ж.Баярмаа гишүүн нэн тод анзаарч байгаа биз. Монголын нийгэмд ийм булхай өдөр бүр болж, үр дүн, буруу нь нийгэмд жигшигдсээр байгаад хамгийн их рольтой, зөвийн талд ташуур өгөгч байх нь Ж.Баярмаа байх магадлалтай. Ж.Баярмаагийн аав Жудаг гэж шударга иргэн байв. “Өдрийн сонин” тэргүүт нийгмийн бурангуйг шүүмжлэгч алив индэрт энэ хүн ойрхон байсан, нийтлэл, хурц шүүмжлэлүүд нь гардаг байсныг санах хүмүүс буй байх. Хүүгээ хүртэл шүүмжилчихдэг хүн байсан. Зарчим нь зөв байсан. Гэхдээ түүний хүү Ж.Мэндбаяр хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаад хэлмэгдэн хариуцлага хүлээсэн нь үнэн. Гэхдээ тэрбээр ил тод, тод нээлттай, ардчиллын зарчим, чөлөөт эдийн засгийн агуулгыг зөв л ярьдаг хүн. Ингээд үзэхээр Жудагийнхан, түүний хүүхдүүд нийгмийн бүхий л түвшинд харьцангуй эрүүл, зөв, зарчимч хандлагаар түүхээ бичилцэж яваа юм. Ж.Баярмаа ингэхээр шударга эцгийн суурьт үзэл санаатай, Монголынхоо нийгмийн өеөдлөгийг илүү цартайгаар, зовлон жаргалтай нь хольж ойлгосон хууль тогтоогч байх талтай.
Японд боловсрол эзэмшсэн. Сонгуульд мөнгөний нөлөөг үгүй болгох, авлигыг таягдах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэл бол Ж.Баярмаагийнх. Хэвлэн нийтлэхийг, хүний эрхийг дээдлэгч тэр мөн. Ирэх жилүүдэд парламентад Жудагийн Баярмаа гэдэг гишүүний үг үйлдэл, үзэл бодлын дуу хоолой цэнгэг ардчилалт байж, сайн өвийг хураагаасай гэж итгэх. Хамгийн гол нь шинэ дэвшилтэт өөрчлөлтийг бий болгох. Гишүүн Ж.Баярмаад энэ чадамж ноогдоно.
Z-MAN