Улс төрийн хураангуй…
Улсын Их хуралд аанай л шантаажчид хөдөлж эхэлсэн байна. Тойргоос сонгогдсон 78-ын лобби бололтой. Тойрогт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэсэн уриа тунхагтай. Алт, зэс, нүүрснээсээ олдог хэдэн төгрөгөө жилийн жилд л ингэж нааш цааш нь татаж, төсөв хуваан хуульчилдаг. Төсөвт түүнийгээ нуун байрлуулах арга нь ч жилээс жилд нарийссаар ирсэн байдаг. Хэрэг дээрээ хамгийн авьяаслаг шантаажчин, эх оронч, хүн ардын төлөө дүр исгэгч болохоо ингэж нотолдог. Илүү бодит эрх ашигтай төсөл хөтөлбөр дээрээ улс мөнгөө тавьж, зарж, хөрөнгө оруулалт хийдэг байсан бол өнөөдөр Монгол улс хамгийн шавхагдашгүй баялаг малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк ядаж ганцыг байгуулчихсан байх ёстой юм. Гэтэл ингэж чадалгүй өдий хүрсэн. Монголын төсвийн баялаг бол ердөө л уул уурхайгаас ганцхан хамааралтай. Монголын поп улстөрчид төсвийн хэдээ нааш цааш татаж, Монголын уудам нутгаар нэг цацахдаа гаргууд боловч, хэт алсаа, ард үлдэхээ үл огоорсоор ирэв. Үр дүнд нь Монголын өр өндийхөд даагдахгүй таазтай болсон. Ядуурал гаарсан. Гэвч попууд сонгогдсоор л. Ямар “ухаалаг” нь дархлаажихаараа тэднийгээ сонгоод ч байдаг юм. Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэгч хүн хорин жил УИХ-д суугаад арга буюу үнэнд гүйцэгдэн сая нэг юм төрийн ордноос гарсан. Энэ хүний таслан зогсоосон говийг усжуулах Хэрлэн тооно төслийг арван гаруйн дараа эдүгээ мөн л Б.Бат-Эрдэнийн асуудал тоочин эсэргүүцэн жадладаг асан “Оюу толгой”-н Монголын талын толгой “Эрдэнэс Оюу толгой” компани хэрэгжүүлэн бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэ мэт манай поп улстөрчийн харгай их. Харин ч өнөө жилээс сонгогчид хэрсүүжиж ийм этгүүдийг цөөлсөөр байгаа нь сайн хэрэг.
Төсөв хэлэлцэн буй энэ үед тойргоос сонгогдсон гишүүн тус бүрийн таван тэрбумын эрх ашгийг хангах ажлын хэсгийг Ц. Даваасүрэнгээр ахлуулжээ. Спикер Д.Амарбаясгалан ч уран нүүж байгаа юм байх. Түүнээр ахлуулснаар тойргийн гишүүдийн хүсэл эрмэлзлийг хангах гаргалгааг шантаа маэстро лавтайяа чадна гэдгийг тооцсон юм болов уу.
Анх тэртээ Н.Энхбаярын үүсгэсэн, түүнээс хойш жил бүр улсаас хумсалж яваа парламентын гишүүдийн энэхүү төсвийн авлига ийнхүү улам бүр гаарсаар, хүрээгээ тэлсээр. Хэзээ зогсох нь бүү мэд. Өдгөөгийн Засгийн газар “амьдрахын тулд” Их хурлын гишүүдийн өмнө таг хүлцэнгүй болжээ. Төсвийн орлого үнэндээ Их хурлын гишүүдийн үзэмжээр л бүгд үрэн таран болох нь. Хоёр, түүнээс дээш сонгогдсон гишүүд Засгийн газрыг занах, хяхах, айлгах замаар энэ бүгдийг хийх нь. Монголын төр ингэж эрх мэдэл, төсвийн хуваарлилтад бялуушсан нөхдийн гарын угаалт болох ёсгүй юмсан даа. Төрийн мөнгөөр гараа угааж байгаа жишээ өдөр бүр баримтаар гарна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тэрбум долоон зуун саяыг арваадхан газарт хуваагаад өгч. Цахимаар нэг шуугиж байна. Спикер Д.Амарбаясгалангийн хам, хамаарлын нөхөд голдуу авсныг бүгд л бичиж байна. Зорилго нь “Шинэ хоршоо”-г сурталчлах. Болно л доо. Гол нь эрүүл, өрсөлдөөний журмаар бараа үйлчилгээг авах ёстой шүү дээ. Дарга нар ингэж дохио зангаагаар шийдээд байхаад шударга ёсыг хайх үндэсгүй болсон. Харин сүүлийн үед, Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулж, энэ чиглэлд ураны дэвшилтэт хөрөнгө оруулалтыг хийхээр завдан буй нь машид гэгээн мэдээ юм. Цахилгааны үнийг нэмнэ л гээд байгаа. Засаг үнэ нэмэх, торгох, хураах байдлаар л төсвийн орлогоо бүрдүүлж байна. Гол нь хийх, олох хэрэгтэй шүү дээ. Л. Оюун-Эрдэнийн шинэ гучин жил олдог, хийдэг , болгодог гишүүдээр зузаатгагдах ёстой. Ц. Даваасүрэн мэтийн шантаа маэстро нар үргэлжлэх ёсгүй.
Z-MAN