Дэлхий даяар жил бүр 2.3 сая эмэгтэй хөхний хорт хавдар хэмээх оношоор оношлогдож байна. Монгол Улсад жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож, бүртгэгдэж байгаагийн 70 орчим хувь нь 45-55 насныхан байна.
Ихэвчлэн 50-иас дээш насны эмэгтэйчүүд өртөх хандлагатай байдаг ч нийт өвчтөний 5 хувь нь 40-өөс доош насны буюу залуу эмэгтэйчүүд байна. Зарим мэргэжилтнүүд залуу эмэгтэйн бие дэх хавдрын эс богино хугацаанд өөрчлөлтөд орох эрсдэлтэй байдаг учир энэ насныхныг ч мөн хөхний хорт хавдар хэмээх өвчинд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Хөх нь цээжний булчинтай холбогдож, суга хүртэл үргэлжлэх хүний биеийн нэгэн эд юм. Охидын хөх 8-13 насны үед ургах бөгөөд энэ үеэс хөхний булчирхай нь томорч, өөхөн эдээр хучигдан хэлбэрт орох үйл явц эхэлдэг. Хэдийгээр дааврын нөлөөгөөр бидний биед ийнхүү өөрчлөлт ордог ч үүнээс гадна идэж буй хоол хүнс, амралт, дасгал хөдөлгөөн, биеийн арчилгаа зэрэг нь хөхний ургалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хөхний бүтэц:
– Хөхний булчирхайг бүтээж буй олон тооны уутанцар буюу сүү боловсрох орчин
– Сувганцар буюу уутанцарт үүссэн сүүг дамжуулах суваг
– Өөхлөг эд ба холбогч эд
– Цусны судас, тунгалгийн болон мэдрэлийн судас.
ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?
Ихэнх хөхний хорт хавдар нь уутанцар эсвэл сувганцарт үүсэж бусад эд рүү тархсан үед оношлогддог бөгөөд үүнийг халтай буюу тархамтгай гэж нэрлэдэг. Харин зарим тохиолдолд бусад эд рүү тархаагүй үедээ илэрдэг ба энэ төрөл нь тухайн хэсгээсээ гадагш томордоггүй хавдар гэсэн үг юм. Судалгаагаар сувганцар дотор томрох хавдар нь шинээр оношлогдож буй таван хүн тутмын нэгээс илэрдэг байна.
Мөн хөхний хавдрын эсээс дээж авч дараах гурван зэргээр тодорхойлж болдог.
I зэрэг – Хавдрын эс нь аажмаар томрох бөгөөд идэвхжил сул
II зэрэг – Идэвхжил нь дунд зэрэг
III зэрэг – Хавдрын эс нь хурдан томорч, идэвхжил нь нэмэгддэг.
ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ШАЛТГААН
Энэ хавдрыг үүсгэх тогтсон нэг шалтгаан байдаггүй ч өвчлөхөд хүргэх цөөнгүй хүчин зүйлс бий. Түүнчлэн уг хавдраар өвчлөх магадлал арван жил тутамд нэмэгдэж байдаг. Нэн ялангуяа 50-иас дээш насныханд тохиолдох магадлал их. Хэдийгээр ахимаг насны эмэгтэйчүүд зонхилон өвддөг ч залуу бүсгүйчүүд хөхний хорт хавдраас сэргийлж, өөрийгөө ажиглах хэрэгтэй. Мөн эргэн тойрныхоо хайртай, дотнын хүмүүстээ энэхүү аюулт өвчний тухай анхааруулж, сануулж байгаарай!
Ерөнхий шалтгаанууд:
1. Таны ойрын төрлийн хүмүүс дунд хөхний хорт хавдраар өвчилж, 50-иас доош насалсан хүн бий бол,
2. Хүүхэдгүй эсвэл анхны хүүхдээ 30-аас дээш насандаа төрүүлсэн бол,
3. Хүүхдээ хөхүүлж байгаагүй бол,
4. Цээжиндээ рентген туяагаар эмчилгээ хийлгэж байсан бол,
5. 55 наснаас хойш цэвэршилт явагдсан бол,
6. Дааврын эмчилгээ олон жил хийлгэж байсан бол,
7. Архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг бол хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдэнэ.
Шинж тэмдэг
Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хөх бэрсүүтэй болох юм. Гэхдээ үүссэн бэрсүү бүр хавдар болно гэсэн үг биш. Шингэнээр дүүрсэн уйланхай эсвэл булчингийн эдүүдийн бөөгнөрөл ч байж болно. Гагцхүү томорч, өөрчлөгдвөл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Бусад шинж тэмдэг:
– Хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх
– Хэсэг газарт хонхойх эсвэл зузаан арьстай болох
– Хөхний толгой цааш орох
– Ховор тохиолдолд хөхнөөс ялгадас гарах
– Мөн ховор тохиолдолд хөхний толгой тойрч биржийх, экземтэй төстэй тууралт гарах
– Өвдөлт өгч болох ба энэ нь хожуу үеийн шинж тэмдэгт ордог.
Мөн хөхний хорт хавдар нь хамгийн түрүүнд суганы тунгалгийн булчирхайд тархдаг ба энэ үед суга хавдаж болно.
ОНОШЛОХ АРГУУД
Нэгэнт дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол юун түрүүнд эмчид хандаарай. Хариуцсан эмч тань шаардлагатай гэж үзвэл дараах шинжилгээг хийнэ.
– Мамограмм буюу хөхний эдийг тусгай рентгенээр харах
– Эхо шинжилгээ
– MRI буюу хүний биеийг эсийн түвшинд оношилдог шинжилгээ. Үүнийг ихэвчлэн хөхний нягтрал сайтай залуу бүсгүйчүүдэд хийдэг
– Эдийн шинжилгээ зэргээр оношилно.
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Мэс засал, химийн болон туяаны эмчилгээ, дааврын эмчилгээ зэргийг хийдэг бөгөөд ихэвчлэн эдгээрээс хоёрыг нь хавсран хийдэг.
1. Мэс засал хийх:
Хөхийг авахгүйгээр хийх. Хөхөнд бий болсон овгор товгор зүйлсийг түүний ойролцоо хүрээлж буй эдүүдийн хамт авдаг. Хагалгааны дараа хөхөнд үлдсэн байж болох хавдрын эсүүдийг бүрэн устгахын тулд туяа эмчилгээ хийнэ.
Хавдартай хөхийг авах. Хавдар нь томорсон эсвэл хөхний голд хавдар үүссэн бол энэ хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай.
2. Туяа эмчилгээ нь хавдрын эсийг устгах болон хуваагдлыг нь зогсоох зорилготой. Өндөр давтамжит цацраг туяаг ашиглан эмчилгээ хийдэг.
3. Химийн эмчилгээний тусламжтайгаар хавдрын хэмжээг багасгах, хатаах замаар мэс заслыг хөнгөвчилж болдог. Түүнчлэн хавдрын эсрэг эмтэй хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Зарим хөхний хорт хавдар үүсэхэд эстроген, прогестрон зэрэг даавар нөлөөлсөн байдаг. Эдгээр нь хавдрын эсийн хуваагдлыг өдөөж өгдөг ба дааврын эмчилгээ хийснээр гормоны түвшинг багасгадаг байна.
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Амьдралын зөв хэв маягтай байх нь уг хавдраас сэргийлэхэд тусална.
– Биеийн жингээ хянах
– Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
– Хүүхдээ хөхөөр хооллох
– Орчны бохирдол, хорт туяанаас сэргийлэх
– Архи, согтууруулах ундаа, тамхи зэрэг хорт зуршлаас зайлсхийх
Уншигч та эрүүл мэнддээ анхаарч эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь хамгийн чухал. Мөн хөхөө сар бүр шалгах хэрэгтэй. Бид дараагийн нийтлэлээрээ хөхөө хэрхэн шалгах тухай нийтлэлийг хүргэх болно.