Монголыг олон улсад багагүй сурталчилсны үр дүнд өнгөрсөн жил 600 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум орчим ам.долларын орлого олсон гэдгийг албаныхан онцоллоо. Тодруулбал, 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны аравдугаар сарын 7-ны байдлаар 667 мянган жуулчин Монголд ирсэн аж. Ингэснээр энэ жил хамгийн их жуулчин хүлээн авсан жил болж байгаа юм.
Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2024.10.08/ боллоо. Уг хурлын үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь Монголд зочлохоор төлөвлөж байна гэх үр дүн гарчээ.
2025 он хүртэл Монголд аялах жуулчдыг өөрийн улсаасаа Монголын аймаг, орон нутаг руу шууд нисэх боломжийг бүрдүүлэхээр Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөснийг албаныхан онцолж байсан юм. Жуулчид Монгол Улсыг сонгон ирэхэд байгалийн унаган төрх, үзэсгэлэнт байгалийг хамгийн чухалчилж үздэг бөгөөд ихэнх нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа морь унах, гэрт байрлах, монгол үндэсний хоол идэхийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, жуулчид монгол ёс заншил, соёлтой танилцахад өндөр ач холбогдол өгдөг аж.