Монголчууд дэлхийн талыг эзэлж явсан бахархалт түүхээ дурсахаас илүү том хүрээнд дэлхийд гарч чадаагүй явж ирсэн өнөө цагт “The Hu” хамтлаг дэлхийн хэмжээнд гарч ирнэ гэж юу болдгийг баталж байгаа билээ. Монголын “хүннү рок” хөгжмийн хэв маягийн чиглэлээр тоглодог энэ хамтлаг 2016 онд байгуулагдсан юм. Дуучин Б.Дашдондог Хөгжмийн консерваторийн багш, оюутнуудаас сонгон шалгаруулж авснаар энэхүү хамтлагийн суурийг тавьсан бөгөөд маш удаан бэлтгэлээ хангажээ. Нэгэн цагийн цээл хоолойт дуучин тэрээр хамтлагийн продюссер, ая зохиогчийн ажлыг хийдэг. “The Hu” хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, тэр дундаа морин хуур, товшуур, хөөмий зэргийг орчин үеийн хөгжмийн зэмсгүүдтэй хослуулж тоглох бөгөөд өөрийн гэсэн Хү хөгжмийн зэмсэг, хувцас, гоёл бүхий брэндийг бий болгож чадсан билээ. Гэхдээ тэд дэлхийд гарахын тулд маш чанд төлөвлөгөө, шаргуу бэлтгэл, зорилгынхоо төлөө хичээж чадсан учраас олон сая үзэгчдийн дэмжлэгийг хүртэх болсон юм.
2018 оны сүүлээр YouTube дээр “Юу вэ, юу вэ” болон “Чонон сүлд” гэсэн хоёр видео цацагдсан нь олны анхаарлыг ихээр татаж 2019 онд “Чонон сүлд” дуу нь “Billboard”-ын Hard Rock дижитал дууны борлуулалтын жагсаалтад 1-р байр эзэлсэн. Ингэснээр “Billboard” чартыг тэргүүлсэн Монголын анхны уран бүтээл болсон байдаг. Мөн “Юу вэ, юу вэ” дуу нь тус чартын 7-р байранд орсон бол “Чонон сүлд” нь “Billboard”-ын “Hot Rock Songs” ангилалд 22-р байранд орж бахдам амжилт үзүүлсэн байдаг.
2019 онд “Шөөг шөг”, “Их эзэн Чингис хаан” дууныхаа клипийг олон нийтэд хүргэж, Европын 12 оронд 23 тоглолт хийсэн байдаг.
“The Hu” хамтлаг “Гэрэгэ” нэртэй анхны студи цомгоо 2019 онд “Eleven Seven Records”-той хамтран гаргасан ба тус жилдээ тэд “Юу вэ, юу вэ” дууны шинэ хувилбарыг “From Ashes to New” хамтлагийн гоцлол Дэнни Кэйс-тэй хамтарсан. Мөн “Папа Роач” хамтлагийн гоцлол дуучин Жэйкоби Шаддикстай хамтран “Чонон сүлд” дууны ремиксийг гаргасан нь ихээхэн амжилт олж “The Retaliators” нэртэй аймшгийн кинонд дууг нь ашигласан байдаг. Мөн 2020 онд “Halestorm” хамтлагийн Лиззи Хэйлтэй хамтарсан “Эмэгтэйчүүдийн дуу” дууны ремикс онлайнаар цацагдсан. Мөн Myrkur-ын дуулсан “The Hu” хамтлагийн “Эх хунгийн домог” дуу нь монголчуудын сайн мэдэх “The Sims 4” гэх видео тоглоомд оролцсон.
2020 онд тэд “Metallica”-гийн “Sad but True” дууны ковер хувилбарыг гаргасан нь мөн олон хүмүүст таалагдаж, танигдсан байдаг. “The Hu” хамтлаг 2021 оны 10-р сарын 1-нд гаргасан домогт “Metallica”-гийн 30 жилийн ойн цомог болох “The Metallica Blacklist” цомогт оролцох 53 уран бүтээлчийн нэгээр сонгогдогдсон нь тус хамтлагийг хэр цар хүрээтэй дэлхийн хамтлаг болсныг нь тодорхойлж чадсан гэхэд болно. Тэд “Хэзээ ч үгүй” номын коверт хувь нэмрээ оруулсан бөгөөд борлуулалтаас олсон бүх орлогыг буяны үйлсэд хандивласан байдаг. Мөн “The Hu” хамтлагийн “харийн” хэлээр дуулсан дуу нь дэлхийн алдарт видео тоглоом Star Wars Jedi: Fallen Order болон Star Wars Jedi: Survivor хэмээх хоёр видео тоглоомд ашиглагдсан байна.
Энэ мэтээр “The Hu” хамтлагийн уран бүтээлийн ганзага дүүрэн байгаа нь монголчууд бидний бахархал болж Монгол хамтлаг, Монгол хүн дэлхийд гарч чадах юм байна, авьяас, оюуны чадамжаа ашиглаад дэлхийгээс мөнгө олох боломж байна гэдгийг олон Монгол залуустаа батлан харуулсан.
Дэлхийн томоохон хөгжмийн платформууд болох “Billboard”, “Spotify” “iTunes” “Youtube” дээрээс уран бүтээлчид хэрхэн ашиг хүртдэг талаар уншигчид маань сонирхож байгаа байх. Уран бүтээлчийн орлогын хамгийн том санхүүгийн эх үүсвэр аялан тоглолтоос гадна орчин үед онлайн платформоор дамжин ирдэг болсон байна. Орлогын хэмжээ нь нийт урсгал, дууны амжилт, нийт дууны таталт зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болдог гэдэг.
Уран бүтээлчид ихэвчлэн роялтигаар мөнгө олдог бөгөөд АНУ-д зарагдсан нэг дуу тутамд ойролцоогоор 0.091 доллар байдаг. Манайхны дуу нь эгшиглэх бүрийд уран бүтээлчдийн дансанд мөнгө орж байдаг гэсэн ойлголт энэ л дээ. Гэхдээ энэ нь ярвигтай бөгөөд уран бүтээлч студи, түгээгч гэх мэт олон хүмүүс гэрээний дагуу хувааж авна. “iTunes” дээр урсгал тутам 0.01$, нэг цомог тутамд 6-7$, нэг дуу татахад дунджаар 0.6-0.7$ үнэлгээтэй байдаг байна. Мөн роялти гэж бий. Энэ нь дууг радиогоор тоглуулах эсвэл онлайнаар цацах үед бий болдог. Хэрэглэгч сонсохоос гадна ТВ, кино, сурталчилгаанд ашиглах үед үүсдэг төлбөр гэж бас бий.
Эндээс борлуулалт ба урсгалын орлого хамгийн их орлогыг үүсгэдэг гэдэг нь харагдах байх. Жишээлбэл, нэг сая татан авалт ойролцоогоор 910,000 долларын орлогыг бий болгож чадна. “Spotify” платформ уран бүтээлчдэд нэг урсгал тутамд 0,003-0,005 доллар төлдөг бол “iTunes” 0.01$ төлдөг гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнчлэн аялан тоглолт, бараа бүтээгдэхүүн уран бүтээлчийн нэр хүндийг өсгөж, концертын тасалбарын борлуулалтыг нэмэгдүүлж, барааны борлуулалтыг ч нэмэгдүүлэхэд хүргэдэг.
“The Hu” хамтлагийнхан дэлхийд гарах том зорилго тавьж, үүнийхээ төлөө өөрсдөө хичээж, дотоод хүнээ сэрээж, хөдөлмөр авьяас билгээрээ дэлхийд гарч болно гэдгийг энэ үеийнхэнд батлан харуулж, түүчээллээ.
Үүний төлөө зорилго тавьж, хичээж, төрийн зүгээс бодлогоор дэмжээд өгвөл Монголчууд бид дэлхийгээс мөнгө олоход ойрхон байна.