Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар монгол хүн өнгөрсөн 15 гаруй жилийн хугацаанд ажиллаж ирсэн бол ирэх сарын 1-нээс эхлээд гадаад хүн удирдах болж байна. Монголын талын төлөөлөл гурван хүн, Рио Тинтогийн төлөөлөл гурван хүн бүхий ТУЗ-ийн дарга монгол хүн байх нь олон талаар чухал ач холбогдолтой байлаа. Энэ ажлыг туршлагатай дипломатч, Элчин сайд Г.Батсүх хашиж ирсэн бол түүний халааг авч байгаа Шон Хинтон хэн болох талаар ихээхэн анхаарал татаж байгаа юм. Түүнийг Монголд олон жил ажиллаж, амьдарсан монголжсон хүн гэдэг.
Ноён Хинтон ардчиллаас өмнө манай улсад ирсэн нэгэн. 1988 онд Британийн Зөвлөлийн хөтөлбөрөөр анх ирж, МУИС-д монгол хэл сурчээ. Тэрээр 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт ажиллаж амьдарч, уртын дууны талаар судалгааны ажил хийж байсан аж. Мөн Британийн Рали Интернэшнлтэй хамтран залуучуудад зориулсан анхны олон улсын хөтөлбөрүүдийн нэгийг Монголд зохион байгуулж байсан удаатай. Энэ нь эмнэлгийн үйлчилгээ болон бусад олон нийтийн үйлчилгээг алслагдсан орон нутгийн иргэдэд хүргэдэг ажил байсан юм. Ноён Хинтон Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай бизнесүүдийн нэг болох Номадс Аялал жуулчлалын компанийг үүсгэн байгуулсан нэгэн.
Шон Хинтон нь ажлын гараагаа “McKinsey & Company”-д хэвлэл мэдээлэл, энтертаймент хариуцсан мэргэшсэн зөвлөхөөр эхэлж байсан бөгөөд Лондонгийн “Guildhall” хөгжим, драмын сургууль, Кембрижийн их сургууль, “MIT” сургуулиудыг тус тус суралцаж төгссөн нэгэн ажээ. Шон Оксфордын их сургуулийн “нөлөөллийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон “удирдлагын боловсролын хөтөлбөрүүдэд туслах багшаар ажиллаж байсан туршлагатай. Цаашлаад “Эдийн засгийн шударга ёс” хөтөлбөрийн захирал, “Нээлттэй нийгэм” санд Соросын Эдийн засгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
2007 онд өөрийн үүсгэн байгуулсан “Terbish Partners” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хятад, Монгол, Африкт томоохон хэмжээний олборлолтын хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн чиглэлээр ажиллаж стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан байна. Тэрээр Голдман Сакс (Азийн салбар) болон Рио Тинто группийн ахлах зөвлөхөөр удаан хугацаанд ажиллаж иржээ. Тэрээр мөн “Саусгоби Ресурс” компанийн дэд дарга, “SOHO China” компанийн гүйцэтгэх захирлын тусгай зөвлөх, “China Networks” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Шон нь Англи, Австрали улсын давхар иргэншилтэй бөгөөд нийт 25 жил Монгол, Хятад улсад амьдарч байсан юм байна. Үүнээс 1988-1995 онд Монголд амьдарсан гэнэ. Монголоос явсан ч үргэлж холбоотой байж иржээ. Тэрбээр Австрали дахь Монгол Улсын анхны өргөмжит консулын албыг хашиж байсан юм байна.
Ноён Хинтон 2008 онд хөрөнгө оруулалтын чиглэлээр Голдман Сакстай хамтран ажиллаж байхдаа “Эерэг нөлөөллийн төсөл”-ийг удирдаж Оюу толгойг идэвхтэй дэмжиж байсан нь бүс нутгийн хөгжил, орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн нэмэр болсон гэгддэг. Тэрээр “Оюу толгой орд нь дэлхий дахинд нэр хүндтэй орд бөгөөд, зэсийн уурхайн хамгийн төвөгтэй бүтээн байгуулалтуудын нэг гэдгээрээ танигдсан орд юм. Би энэ үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай байна. Миний баримтлах гол чиглэл бол Оюу толгойн өндөр стандартыг баримталж, амьдралд маань чухал нөлөө үзүүлсэн Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах явдал юм. Би бизнес, байгаль орчин, нийгэм рүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно” гэж хэлжээ. Ийм нэгэн хүн ирэх он жилүүдэд Оюу толгойн ТУЗ-ийг удирдаж ажиллах ажээ.