Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийн асуудлыг хотын иргэдтэйгээ хамтарч шийдэх арга зам илэрхийлж байгаагаа цахим хуудсандаа бичжээ.
Тэрээр “Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Аялал амралтын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн ажил жигдэрч, сургууль, цэцэрлэгүүд орж, намрын ажил өрнүүн хөдөлгөөнтэй байдагтай ч холбоотой. Гэвч Улаанбаатар хотын автомашин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан болсоор байгаа. Өнөөдөр бүртгэлтэй автомашинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд бид одоо байгаа авто замаа 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
Иймд нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам юу байгааг эрэлхийлж байна.
Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг явдал амьдрал дээр бий. Одоо үүнийгээ улам бүр ойртуулж хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг больё. Ингэснээр зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурна. Өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгааг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэднэ.
Мөн ажил гэр аль эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжье хэмээн уриалж байгаа юм. Түүнчлэн унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглая. Миний энд дурдаад байгаа автомашинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж байгаа нь сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна. Үүнд:
Явган замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийнэ.
Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмсэн.
Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүлж байна.
Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна.
Дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал,
Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна” хэмээжээ.