Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах юм.
Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын авто замын асфальт бетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой байх аж. Нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг төслийг өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бол барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа аж.
Таван шарын төмөр замын нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах системтэй бөгөөд гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна гэж тооцоолжээ.