Найр, наадмын өдрүүд шувтарч ажил, сургууль эхлэж байна. Энэ цаг үетэй зэрэгцэн иргэдийн амьдрах орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хотын стандарт зэрэг олон нарийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ид үргэлжилж байна.
Тус сонгууль 2020 оны ОНСТХ-ийн дагуу зохион байгуулагдах хэдий ч иргэдийн зүгээс УИХ-ын сонгуулиар хэрэгжсэн хэд хэдэн сайн жишгийг хэрэгжүүлэх биз гэсэн хүлээлттэй байна.Тодруулбал, Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах зорилго тавин аль нэг хүйсийн төлөөллийг +30 байхаар тогтоон нэр дэвшигчдээ тодруулсан. Үүний үр дүнд парламент өмнө нь байгаагүйгээр солонгорон, нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаасан. Энэхүү парламентийн бүрэлдэхүүн нь Улс төрийн намд итгэх иргэдийн итгэлийг сэргээсэн үйлдэл (шийдэл) болсныг иргэд мөн ярьж байгаа юм.
Иргэн Б.Солонгоо (26 настай): “Энэ жилийн УИХ-ын сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл сонгогдсонд сэтгэл хангалуун байна. Бидний асуудлыг мэдрэх, мэдэрдэг цөөн ч гэсэн хүмүүс сонгогджээ. Хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх сонгуулиудаас өссөн нь мөн харагдаж байна. УИХ-ын чуулган, хуралдаануудыг ажиглаж байхад эмэгтэйчүүд ч дуу хоолойгоо хүчтэй өргөж байна. Тэгэхээр энэхүү УИХ-ын сонгуулийн өнгө төрх орон нутгийн сонгууль дээр харагдаасай гэж хүсэж байна. Монгол Улсын хүн амын 50 хувь, нийслэлийн хүн амын 52 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд амьдрах орчны нарийн асуудлыг шийдвэрлэдэг ИТХ-д олноор сонгогдох ёстой. Амьдрах орчин, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлын хохирогчид ихэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд байдаг”.
Иргэн П.Зурагхүү (52 настай) ” Би орон нутагт амьдардаг, орон нутгийн иргэн хэдий ч Улаанбаатар хотын асуудалд маш их эмзэглэж байна . Тэнд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдалд санаа зовнидог. Хот хөдөө гэлтгүй төлөвлөлт, агаар, орчны бохирдлын асуудлууд их байна. Хүүхэд салхилуулах, тоглуулах талбайгүй бөөн барилгууд. Энэ асуудлыг шийдвэрлэх, стандарт тогтоох эрх бүхий хүмүүсийг орон нутгийн сонгуулиар сонгодог. Миний хувьд энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд, залуучууд түлхүү сонгогдоосоой гэж хүсэж байна. Олон жил эрчүүд биднийг удирдсан. Үр дүн нь өнөөгийн Монгол байна. Хот, хөдөөгийн амьдрах орчны бохирдол, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал арай дэндэж байна. Хамгийн гол зүйл нь төрд маш их мөнгө байгаа боловч асуудлууд нь шийдэгдэдгүй. Тиймээс монголын ирээдүйн төлөө ээж нар, эмэгтэйчүүд дэвшээд, сонгогдоод ажиллаарай гэж уриалж байна. Би ч бас дэвшсэн эмэгтэйчүүдээ дэмжих болно”.
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ :” 2020 оны ОНСТХ-иар тогтоосон жендэрийн 20 хувийн квотыг тэгш төлөөллийг хангах амлалт, жендэрийн шударга ёсны төлөөх хүсэл зоригоор 30+ хувь болгохыг Улс төрийн намуудад уриалж байна”гэсэн юм.
- Улс төрийн намууд орон нутгийн сонгуулиар өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулахдаа ОНСТХ-д заасан аль нэг хүйсийн төлөөллийг 20-иас багагүй байлгана гэх заалтыг тааз бус босго хэмээн харж жендэрийн тэгш байдал, нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах чиг үүргээ ухамсарлан ажиллахаа удаа дараа амласаар ирсэн билээ. Тэгвэл энэ амлалтадаа хүрэх байх гэсэн хүлээлт иргэд, сонгогчдийн дунд нилээдгүй байгаа нь ажиглагдлаа.