БНСУ-ын “Грампус” ХХК өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ны өдөр “Миний Бяцхан тогооч” гэх видео тоглоомоо шинэчлэн “Монгол ресторан” нэмж буйгаа албан ёсоор мэдэгдээд буй.
“Монгол ресторан” нь Монголын уламжлалт уур амьсгалыг мэдрэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд нүүдэлчдийн уламжлалт майхан, гэрийг санагдуулам тохижилтыг хийснээрээ онцлогтой аж. Түүнчлэн хуурга, ногоотой шөл, нимгэн хэрчсэн хурганы мах, шарсан ногоогоор хийсэн хоол, хуушуур, хорхог болон айраг, сүүтэй цай зэрэг хоол хийх боломжийг бүрдүүлжээ.
“Миний бяцхан тогооч” тоглоомын Ерөнхий захирал Бэ Юн Ми хэлэхдээ, “Миний бяцхан тогоочийн 66 дахь шинэ сэдэвчилсэн ресторан болох “Монгол ресторан”-ыг танилцуулж байгаадаа баяртай байна. Та монголын уламжлалт хоолонд дурлах болно” гэжээ. Одоогоор Солонгост уг тоглоом 2.3 сая гаруй татагдсан бөгөөд дэлхийн орнуудын уламжлалт хоолны жороор дамжуулан хоол хийх туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.