2024 оны тавдугаар сарын 12-нд 8848 м өндөр Эверест ууланд Монголын хоёр уулчин авирч яваад сураггүй алга болсон. Улмаар тавдугаар сарын 17-ны өдөр аврагчид Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалыг амь үрэгдсэн байхад нь олсон. Харин түүний хамтрагч Л.Пүрэвсүрэнгийн шарилыг маргааш нь олсон байдаг.Уулчид анх гурвуулаа тус оргил руу авирч, уулчин Д.Отгонхүү замдаа бие нь муудаж, буцсан юм. Тэрбээр хоёр уулчны гэр бүл, найз нөхөд хамт олонд эмгэнэл илэрхийлээд бодит байдлыг өөрийн фэйсбүүк хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр “Сайхан ахыгаа болон сайн найзыгаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд намайг уучлаарай.
Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёуланг нь дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө алдаа гаргасан.
Мэдээний сайт болон бусад сошиал хэрэгслээр худал мэдээллүүд их явж байгаа болохоор миний хувьд авиралтын үнэн зөв, бодит мэдээллийг товчхон бичье.
Манай багийн хувьд өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй. Тухайн ууланд авирахаар бодож эхэлснээс хойш, бэлтгэлийн төлөвлөгөө, авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон авиралтын төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээлэл авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан 8К компанийг сонгосон. 8К компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, Хоёрдугаар отгийн хоол майхан, 3 болон 4 дүгээр отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид гурав ийм л төлөвлөгөөгөөр явсан. Манай багийн хувьд сайн судлаж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид гурав бүх шийдвэрүүдээ байнга ярилцаж гаргадаг байсан.
Дөрөвдүгээр сарын 5-нд Жи Си АЙ клубын зургаан гишүүн, Улаанбаатар аялагч клубын нэг гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. Дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэлх явах алхалт маань эхлэсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 15-нд Гималайн нурууны зүүн ЛОБУЧЕ /6165м/ өндөр оргилд хоёр шерпагийн хамт нийтдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн. Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид гурав авиралтаа хийхээр үндсэн отог дээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын нэг удаагийн бэлтгэл, өндөрт биеэ дасгах хоёр удаагийн бэлтгэлийг хийсэн. Хоёр дахь удаагийн бэлтгэлээр Гуравдугаар отог буюу 7200 метр хүртэл бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, “Лхоце”-ийн нүүрнээс чулуу нурах гэх мэт эрсдэлүүд гарч байсан.
8К компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Буруу мэдэээлэл дээр бас залруулга хийе.
1. 8К компаниас 100 хувь үнэгүй шерпа бол санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол компаний нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпаны гарын мөнгө болох 2500 ам.доллар болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлөөд шерпа авч болно гэж хэлсэн. Манай багийн хувьд авиралт эхлэхээс өмнө шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал, авиралтын үед шерпатай авирна гэж ярилцсан. Хэрвээ шерпа авахаар байсан бол мөнгө нь ч гэсэн хангалттай байсан. Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед гурвуулаа биеийн бэлтгэл болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юм.
2. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байна лээ. Энэ мэдээлэл ч гэсэн худлаа. Бид гурав цаг агаарын мэдээ хараад, 8К захирал Лакпаас цаг агаарыг нягталж асуугаад тавдугаар сарын 8-нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байсан. Харин тавдугаар сарын 8-ны өдөр Лакпа захирал маргааш өдөр гараарай гэсэн. Тавдугаар сарын 9-ны орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад тавдугаар сарын 13-нд цаг агаар сайхан, цэлмэг, оргил дээр салхи 35-40 км/цагийн хурдтай байсан. Тавдугаар сарын 12-17 хүртэл цаг агаарын мэдээ, салхины хурд зөрсөн.
3. Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө 4 хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь 4-р отгоос авахаар тохирсон. Пүүжээ хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. 4-р отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан.
Тавдугаар сарын 9-ны орой 23:10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, 1-р отог дээр үүрээр очиж хэсэг унтаад цааш 2-р отог дээр тавдугаар сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мешок болон авиралтын комбинзон бусад хэрэгтэй зүйлсээ 2-р отог дээр авчирсан байсан юм. Оройн хоолны дараа бид гурав амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй. Эм уусан ч зүгээр болоогүй. Дээр нь хоолны зуршил нилээн буурсан.
Тавдугаар сарын 11-нд өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд 3-р отог уруу хөдөлсөн. Ачаа 20 кг орчим болсон. Ачаа хүнд болохоор нилээн удаан алхсан. 3-р отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа очсон. Пүүжээ намайг хүлээгээд нилээн удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа бүр хүнд болсон. 3-р отогт очиход 8К компани нэг майхан барьсан байсан.
Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй ээ. Тэр шөл үнэхээр гоё амттай байсан. Оройн хоолоо идсний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй. Манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрээд л босох цаг болсон.
Тавдугаар сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг 3-р отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. Хоёр хоног сайн амраагүй болохоор миний бие нилээн суларсан. Алхах тусам нилээн ядарч, зүрхний цохилт нэмэгдэж байлаа. Өглөө 8:00 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт нилээн хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид нилээн бодсоны эцэст буухаар болсон. Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр руу очсон. Манай хоёр инээгээд “Зүгээр үү” гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад биеийн байдлаас болоод цаашаа явж чадахгүй, буух болсноо хэлсэн. Бас ядарч, “Өндөрт их орж байвал цуг буух уу” гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндөрт ч бага орж, оргил хүртэл авираад бууж ирэх чадалтайг нь би ч гэсэн сайн мэдэж байсан.
Пүүжээгээс хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юмуу гэж асуухад бие сайн, өндөрт орох нь гайгүй болохоор 4-р отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирсэн түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй. Өсөхөө ах “Түрүүлээд алхаж байя” гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт 1 батериатай гаргаж өгөөд явуулсан даа. Бусад хүмүүсээс битгий тасраарай цугтаа яваарай гээд захиад л явуулсан даа. Пүүжээ маань “Бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнэ ээ” гээд л инээгээд явсан даа. Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн 4-р отог руу авирч байсан. Бид гурав тавдугаар сарын 12-ны өдөр өглөөний 08:00 цагт 7400 метрийн орчмоос л салсан. Харин манай хоёр 4-р отог буюу 7965 метрт өдрийн 13:40 минутын очсон байсан. 3-р отгоос 4-р отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нилээн урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай 4-р отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд тавдугаар сарын 12-ны орой 2-р отог дээр бууж ирсэн. Орой станцаар холбогдох гээд дуудсан боловч даанч хариу өгөхгүй байсан. Орой 4-р отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг бол мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор нь өглөө дахиж холбогдъё гэж бодсон.
Тавдугаар сарын 13-ны өглөө 08:45цаг 45 цагийн үед Seven summit Treks компаний бууж байгаа хүмүүстээ South summit буюу 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс 3 цагийн дараа 11:57 цагт Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан. Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндөрт орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даанч буух зам нь дардан байсангүй ээ. Та хоёр маань авираад буух хүчтэй байсан ч даанч Эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Өсөхжаргал ах, Пүрэвсүрэн маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу. Та хоёр маань хүн болгонд сайн сайхныг хүсэж, хүн болгонд туслаж дэмждэг, уулзсан хүн болгондоо гэрэл цацруулж, урам зориг өгдөг байсан. Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болноо.
Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна” гэжээ.