Намууд улсын хэмжээнд бүх тайлангийн дүнг СЕХ-ноос урьтаж нэгтгэдэг, мөн сонгогчдын саналын хуудасны зурган файлыг намын ажиглагч бүрд хүсвэл өгдөг, намууд СЕХ-ны зарласан дүнг өөрсдөд ирсэн дүнтэй харьцуулж хянадаг бүх боломж бий.
Гэхдээ л улстөрчид буруугаа түлхэх нэг юмтай баймаар байдаг тэр нь өнөөх хар хайрцаг.
Түүх сөхөхөд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн маргааш ялагдсан улс төрийн бүх намууд хэвлэлийн бага хурал хийж, санал тоолох төхөөрөмжид эргэлзэж байгаагаа мэдэгдэж байлаа. АН ялалт байгуулсан тэр жил л дээ. 2015 оны 12 сард улс төрийн 21 намын дарга, төлөөллүүд санал тоолох төхөөрөмжийг дуурайлгасан загварыг Нийслэлийн төв талбай дээр шатааж, өнөөх машиныг “цаазлав”. Тэр үйл ажиллагааг зохион байгуулж байсан улс төрийн хүчин 2016 оноос хойш хоёр сонгууль дараалан ялалт байгуулчхаад л сууж байна. Энэ хугацаанд АН-ын зарим нөхөд бас машинд итгэхгүй байгаагаа үе, үе мэдэгдэнэ.
Ямар сонин тайлбарууд улстөрчид хэлдэг гээч. Санал тоолох төхөөрөмж дотор хүн сууж байдаг, тэр нь саналыг өөрчилдөг. СЕХ-ны төв сервер рүү дамжуулахад хакерддаг гээд явж өгнө. Сонгогчид бид тархиа улстөрчдөөр угаалгасаар байгаад үлдэх ч атираа байхгүй гөлийчихлөө. Одоо та нар маань дахиж битгий бидний оюун тархиар тоглооч ээ гэж хэлмээр байна.
Дахин хэлэхэд, сонгуулийн саналыг тоолох төхөөрөмжийг ашигласнаар сонгогчийн саналыг гараар тоолж байсан үеийн бүх асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Үүр цайтал тоолдог тэгэхдээ бөөн адал явдал болдог байсан үе ард хоцорсон. Харамсалтай нь сонгогчдын сонгуульд итгэх итгэл хангалттай биш байгаа нь ерөөсөө улс төртэй л холбоотой. Өнөөдрийг хүртэл сонгогчид санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, үр дүнд итгэхгүй байгаа нь ялагдсан нам, улстөрчдийн хийж буй улс төрийн тоглолт, өрөөсгөл ухуулга, мэдээлэл тэдний улс төрийн сонирхолтой л холбоотой гэж харагдаж байна.
Тэгэхээр сонгогч бид улстөрчдийн тоглоомд алийн болгон орж явах вэ. Хар машин но-той гээд бодож явдаг хүмүүс энэ амралтын өдрүүдээр Тэнгис кино театрын өмнөх талбайд очоорой. Тэнд нөгөө машинаа задалснаар нь харж, бас санал яаж тоолж байгааг шалгаад үзээрэй. “Нүд үнэн, чих худалч” гэдэг. Улстөрчдийн аманд итгэж байснаас өөрөө шалгах хэрэгтэй.
Угаасаа сарын дараа болох сонгуулийг машинаар тоолохоос гадна бүх саналыг гараар хянаж тоолно. Тэгсэн байхад ялагдсан хүмүүс нь машин асуудалтай гээд ярьж магадгүй л юм. Үнэндээ сонгуулийн санал тоолох төхөөрөмжид асуудал байхгүй гэдгийг иргэд маань ойлгох цаг болжээ. Нөгөө талд улстөрчид ялагдлаа хүлээн зөвшөөрөх улс төрийн соёлд суралцмаар байна. Иргэд бид та нарын амаар машин худлаа, үнэн гэж маргаж суухаасаа харин та нарын мөрийн хөтөлбөр ямар байна, хэр шударга өрсөлдөж байгаа эсэхийг хянахад цагаа гаргамаар байна.
Эцэст нь хэлэхэд энэ сонгуулиар машинаар ч тоолно, гараар ч тоолно. Бүр 100 хувь. Сонгуулийн ялагдлаа машин руу чихэж онигоонд оров доо. Сонгууль болохоос сарын өмнө хэллээ, хэн нэгэн ялж ялагдахаас чинь өмнө. Сонгуулийн ялагдлаа санал тоолох машинд тохоолгүй, ялагдлаа хүлээдэг соёлд суралцаарай даа.
Э.ЭНЭРЭЛ