Сүүлийн үед бидний дунд үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх замаар улс орны шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой гэх хандлага газар авч жагсаал, цуглаан зохион байгуулах давтамж, төдийгүй тэмцлийн олон талт хэлбэрүүд ч нэмэгдэж байна. Тэгвэл Монгол улсад сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2020-2023 онд 735 удаагийн жагсаал, цуглаан бүртгэгдсэн байна. Үүний 649 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 87 нь орон нутагт бүртгэгджээ. Үүнийг IRIM судалгааны хүрээлэн болон Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаачдын хамтарсан багийн судалгаанд дурджээ. Тэд улсын хэмжээнд зохион байгуулагдсан жагсаал, цуглаанаас томоохон 10 жагсаалыг сонгон кэйс судалгаа хийж, өнгөрсөн хугацаанд монголчуудын жагсах цуглах эрхээ эдлэхэд тулгарсан нийтлэг сургамж, туршлагыг нэгтгэн дүгнэсэн байна.
Эдгээр кэйс судалгаанаас зохион байгуулагч болон оролцогч иргэд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, өөрийн эрх чөлөө, аюулгүй байдлаа хамгаалах, эрсдэлтэй асуудал тулгарсан тохиолдолд зөвөөр шийдвэрлэх талаар хууль, эрх зүйн болон практик мэдээлэл авч болох учраас тун чухал судалгааны ажил болжээ. Ер нь Хүний эрхийн Үндэсний Комиссын албан ёсны ажиглагчдын хийсэн хөндлөнгийн судалгаанд үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг зөрчлийн хэрэгт холбогдуулан саатуулах, шалгах эрсдэлтэй байдаг, зохион байгуулагчдыг худал мэдээлэл тараах, эсхүл эсэргүүцэл илэрхийлэх замаар гүтгэлэг тараасан хэмээн шийтгэх, торгох, зөрчлийн болон бусад арга хэмжээ авахдаа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-д заасан хугацаанд хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй олон сар болох, залхаах байдлууд түгээмэл гардаг талаар дурдсан байдаг. Тэгвэл дээр судалгааны багийн сүүлийн 10 жилд болсон томоохон 10 жагсаал цуглааны кэйс судалгаанаас ч энэ бүхэн харагдаж байгаа юм.
Тухайлбал: “Эмч, эмнэлэгийн ажилчдын суулт, жагсаал”-д тэд анализ хийжээ.
2021 оны зургадугаар сарын 26-нд эхлэн арав гаруй хоног үргэлжилсэн уг жагсаалаар эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэх, ачаалалтай ажиллаж байгаа эмч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн дутагдалтай байдлыг бодлогоор зохицуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Хөдөлмөрлөх эрхийнхээ асуудлыг шийдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж, 10 гаруй хоног жагсаж цугласан ч үр дүнд хүрээгүй байна. Тухайн үедээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газартай тохиролцоонд хүрч, хэлцэл хийсэн боловч Засгийн газар үүргээ бодитоор биелүүлээгүй аж. Тиймээс тэд 2021 оны есдүгээр сарын нэгний өдрийн хурлаараа эмч ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үүргээ биелүүлээгүй учраас дараагийн арга хэмжээнийхээ талаар ярилцсан байна. Гэтэл хуралд суусан тэдний өмгөөлөгч нь тус хурлын талаар эрх баригчдад мэдээлж, хуралд оролцогчдын нэрсийг хавсаргажээ. Ийнхүү үр дүнд нь суулт зарласан нэр бүхий Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд Тагнуулын ерөнхий газарт шалгуулсан байна.
Энэхүү кэйсийн тухайд тохиолдсон уг эрсдэлээс сэргийлэхийн тулд нэг өмгөөлөгч бус өөрсдийн жагсаал цуглааны талаарх хөндлөнгийн ажиглалт хийх иргэдийг бэлтгэх, нэгээс илүү өмгөөлөгчтэй ажиллах шаардлагатай. Түүгээр зогсохгүй хараат бус олон нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх туршлагатай баг, ТББ-тай хамтрах шаардлагатайг судалгааны баг зөвлөжээ. Мөн жагсаал цуглаан хийхээр санаачилга гаргасан удирдлага, гол зохион байгуулагчид нь байр сууриа нэгтгэж, ямар ч үед нэгдмэл байр сууриа илэрхийлэх нь чухлыг судалгааны тайландаа тэмдэглэсэн байна.
Итгэл үнэмшил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх үндсэн арга бол хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө байдаг. Харин энэ эрхээ эдлэхээр жагсаал цуглаан хийх үедээ юун дээр анхаарч, алдаа гаргахаас сэргийлэх дээр мэргэжлийн судлаачдын багийн гаргасан зөвлөмж тун үнэ цэнтэй зүйл болох биз ээ. Уг зөвлөмжид хэт сэтгэл хөөрөл, хөдлөлд автахгүйгээр, бодитой, үндэслэлтэй, албан ёсны тодорхой шаардлагыг тавих, тухайн жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгаар үймүүлэх, гутаах, зөрчил, сөргөлдөөн гаргах зорилготой бусад этгээдийн эсрэг цагдаагийн байгууллага, албан хаагчтай хамтарч, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах, согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан, сэтгэцийн өвчтэй, өндөр стресстэй хүмүүс байгаа эсэхийг ажиглах, энэ төрлийн хүмүүсийг жагсаал, цуглааны үйл явцаас тусгаарлах, олон нийтийг эмх замбараагүй, үймээн самуунд өдөөн хатгасан уриалга, үг лоозон ашиглахгүй байх, жагсаал, цуглааныг төлөвлөсөн тодорхой цагт дуусгаж байх нь юу юунаас чухал гэжээ.
Аливааг өнгөрсөн хойно нь бус харин бий болохоос нь урьтаж мэдээ, мэдээлэл хүргэж байх нь чухал. Тэр үүднээсээ уг судалгааг бүхий л байгууллагууд, иргэд анхаарч үзэх шаардлагатай юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн арга болсон жагсаал цуглааныг үр дүнд хүргэж, төрд үгээ хэлэх эрхээ эдлэх үйл явцыг буруугаар эргүүлэхгүйн тулд дэм болох чухал судалгааг хийсэн багт баяр хүргэе.
Олон жилийн турш манайд зохион байгуулагдсан жагсаал, цуглааны сургамж туршлагад үндэслэн гаргасан практик зөвлөмжүүд болон кейс судалгааны тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой ажээ.