Энэ оны байдлаар 21 жил есөн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй хүн хүсвэл өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа юм.
Гэхдээ өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж буй иргэн дор хаяж 1-3 сарын өмнө оршин суугаа газрынхаа харьяа Нийгмийн даатгалын газарт хандаж, бичиг баримтаа хянуулан зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай аж.
Нийгмийн даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэвэр олгодог байна.
Бүрэн: 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлсөн бол тогтоох тэтгэвэр
Хувь тэнцүүлсэн: Шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй бол хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоодог
Тэтгэвэр тогтоохдоо
- 1995 оноос өмнөх ажилласан жилийг тооцохдоо Хөдөлмөрийн дэвтэр болон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийг үндэслэнэ.
- 1995 оноос хойш хугацааны ажилласан жилийг Нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох мэдээллийн санд тулгуурлан шалгана.
1995 оноос өмнөх Хөдөлмөрийн дэвтрийг Нийгмийн даатгалын байцаагч нар хянаж үзэх шаардлагатай байдаг аж. Хэрэв дэвтэр дээр он сар нь засвартай, хуулбарлаж бичсэн эсвэл хаяж үрэгдүүлсэн бол ажилласан хугацааг нь архивын лавлагаагаар тооцдог. Харин архивт тухайн байгууллагынх нь мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэдэг байна.