Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 4 сарын 25-наас 5 сарын 17 хүртэл үргэлжлэх юм.
Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан, SpaceX компанийн стратеги хариуцсан менежер Б.Болор-Эрдэнэ 2020 онд санаачилсан юм. Өдгөө тус хөтөлбөрөөр дамжуулан 80 охин код бичих ур чадварыг эзэмшсэн юм.
3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр Энержи Ресурс ХХК, НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк, Нано Интернэйшнл, ОНДО ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургууль ажиллаж байна.
Энержи Ресурс ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь болон Баянхонгор аймгаас тус бүр 5 охиныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүхдийн сангаас нийслэл хотоос оролцох охидыг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Тодруулбал, доорх сургуулиас бид энэ жил нийслэл хотын охидын сонгон шалгаруулалтыг хийнэ. Иймд доорх дурдсан сургуулийн охид идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна.
- БЗД-ийн 14 -р сургууль
- СБД-ийн 29-р тусгай сургууль
- СБД-ийн 16-р сургууль
- СБД-ийн 131-р сургууль
- ЧД-ийн 57-р сургууль
- ХУД-ийн 89-р сургууль
- БГД-ийн 47-р сургууль
- СХД-ийн Өнөр цогцолбор сургууль
- СХД-ийн 74-р сургууль
- СХД-ийн 151-р сургууль
Түүнчлэн энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр-2024”-т салбартаа манлайлж буй залуучууд ментороор ажиллана. Тухайлбал, Tesla-н инженер Э.Жавхлан, Оксфордын их сургуульд сансар судлал, өгөгдлийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж буй Б.Марал, OpenAI компанийн Бодлого хариуцсан захирал Никола, Google-н хиймэл оюун ухааны ахлах судлаач М.Цэндсүрэн, Samsung группийн менежер Р.Эрдэнэтулга болон Нано Интернэйшнл группийн Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нар энэ жилийн хөтөлбөрт хамрагдах 30 оролцогчын ментороор ажиллана.
Хөтөлбөрт хамрагдах охидыг 3 шатны сонгон шалгаруулалтаар сонгоно. Үүнд:
- Анкетын түвшний шалгаруулалт;
- Математик болон англи хэлний онлайн шалгалт;
- Ярилцлагын шалгаруулалт.
Тавигдах шаардлага:
- Алслагдсан орон нутагт амьдардаг байх;
- ЕБС-ийн 10-12 ангийн сурагч байх;
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх;
- Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх;
- Эцэг эх нь 2 сарын хугацаанд Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн эсэх.
Дээрх шаардлагыг хангасан охид 4 сарын 25-наас 5 сарын 17-ны хооронд энэ ФОРМ-оор бүртгүүлнэ үү.
Холбоо барих хаяг: info@girlscode.mn болон сошиал сувгийн чатаар холбогдоно уу.
Эх сурвалж: Girlscode.mn