Бүх эрчүүд, хөвгүүддээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин байгуулагдсаны 103 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийг “Эр цэргийн баяр” гэдэг боловч манай улсад эрчүүд, хөвгүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Бид арав гариухан хоногийн өмнө “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэсэн. Тус өдөр гудамжаар цэцэг, бялуу барин сандралдан гүйж буй хөвгүүд, эрчүүд нэлээдгүй байлаа. Харин өнөөдөр бэлэг, сэлт барьсан эмэгтэйчүүд, охидууд гүйлдэх бизээ.
Монгол Улсад эрэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийн нөхцөл, байдал нэлээдгүй доройтсон байна.
Тоо, статистик ажиглахад Монгол Улсад эрэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийн асуудлууд нэлээдгүй доройтсон байгаа нь харагдана. Эрчүүдийн дундаж наслалт 67.3 ба эмэгтэйчүүдээс 9.4 жил, хөгжингүй орнуудын дунджаас долоон нас, дэлхийн дунджаас гурван насаар доогуур байна. Эрэгтэйчүүдийн нас баралт 40-44, 50-54 насанд хамгийн өндөр байна. “Манай улсад цэл залуухан ханиа алдсан эмэгтэйчүүд олширсоор л…“
Судлаачдын хэлж буйгаар эрэгтэйчүүдийн насжилт залуужих болсон цаг хугацаа 1992 оноос баг, багаар нэмэгдсээр өдгөө эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 10 жилийн өмнө өөд болдог болсон. Нас баралтын шалтгаан, нөхцөлийг аваад үзвэл, гаднын шалтгаантайгаар нас барагсдын 80 хувь нь эрчүүд байна. Түүнчлэн шээс, бэлгийн тогтолцооны эмгэг өвчнөөр нас барагсдын 70 хувь нь мөн л эрэгтэйчүүд. Хамгийн эмзэглүүштэй нь хавдраар нас барагсдын 57 хувь, зүрх судасны өвчлөлийн улмаас өөд бологсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Нас баралтын шалтгааны хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өвчлөлөөр 1.5 дахин, бусад ослоор 3.8 дахин, зам тээврийн осолд өртсөн тохиолдол 2.8 дахин, амиа хорлолтоор 5.8 дахин, бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их. Үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдол бүгд эрэгтэй байна.
Дээрх тоо баримтаас Монгол улсад эрэгтэйчүүдийн асуудал хэрхэн орхигдсоныг харж болохоор байна. Яагаад, юуны учраас эрэгтэйчүүд ийм байдалд орчихов оо. Эрүүл саруул, урт удаан амьдрах амьдралын хэвшилд нь эрэгтэйчүүдэд юу сөргөөр нөлөөлөөд байна вэ. Тэднийг ойлгох, эрхийг нь хамгаалах хандлага, мэдлэг, мэдрэмж бидэнд дутагдаад байгаа юм биш биз. Бяцхан хөвгүүдээ хүртэл “Эр хүн юм байж…” хэмээн зэмлэдэг Монголчууд бидэнд зайлшгүй засаж, залруулах зүйлс их байна.
“Эр хүн юм байж битгий уйл….”, “Чи л амьдралаа авч явна…. Чи л боловсролгүй болохоор…, Чи л архичин, арчаагүй болохоор….” гэх мэтээр асуудлын буруу эрэгтэй хүн рүү чиглэнэ. Тэд уйлах, гомдоллох эрхгүй. Нийгэм эрэгтэй хүнээс хатуу, хүчтэй байхыг шаарддаг учраас тэд минь дотроо шаналж явсаар эрт хорвоогоос яваад байгаа юм болов уу…
Баримт сөхвөл нийт амиа хорлогсодын 90 хувь нь эрчүүд байна. Манай улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид тэргүүлж, Дэлхийд 3-рт жагсдаг. Хүн яагаад амиа хорлох шийдвэрт хүрдэг талаар мэргэжилтнүүд “Сэтгэлийн хүнд дарамт хамгийн их нөлөөлдөг. Сэтгэлийн тэр их шаналал, дарамтаа гадагшлуулж чадахгүй, дотроо бугшуулсаар эцэст нь амиа хорлох хэмжээнд хүрдэг” гэсэн байдаг. Мөн 10-34 насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт гэх харамсалтай тоо баримт байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг судлахад Монгол улсад нэгдсэн том эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн тасаг гэж байхгүй, улсын хэмжээнд арав хүрэхгүй тооны эрэгтэйчүүдийн эмнэлэг байна.
Гэмт хэрэгт холбогсодын 86 хувь нь эрэгтэйчүүд байна.
ЦЕГ-аас гаргасан судалгааны дүнгээр гэмт хэрэгт холбогдогсдын 86 хувь нь эрэгтэйчүүд гэж гарчээ. Мөн шүүхээр ял шийтгүүлэгчдийн 89 хувь нь эрчүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 91 хувь нь мөн эрэгтэйчүүд байгаа гэх тоо байна. Эндээс нийгмийн хамгийн болж бүтэхгүй зүйлс, гэмт хэрэгт эрчүүд холбогдож байна.
Эцэг эхчүүд хүүхдийн хүйсээс нь хамаараад багаас нь өөр өөр хандлага гаргадаг.
Монгол Улс таван жил тутам “Хүүхэд хөгжлийн судалгааг”-г НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийдэг. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийн хүйсээс нь хамаараад багаас нь өөр өөр хандлага гаргадаг нь нотлогдсон. Тухайлбал, эрэгтэй хүүхдийг хөхнөөс эрт гаргадаг. Учир нь хөвгүүд охидоос илүү ховдог байдаг учраас эрт тэжээлд оруулдаг нь хүүхдийн хөгжилд ч нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд хэлдэг.
Мөн охидуудыг илүү их хайрлаж, илүү их цаг зав гаргадаг бол хөвгүүдийг чанга хатуу өсгөх ёстой гэх байдлаар ханддаг. Түлээ, усанд явах зэрэг гэрийн ажилд хөвгүүдээ түлхүү дайчилдаг байх жишээтэй. Хүүхэд буруу зүйл хийсэн тохиолдолд охидоо загнах, зэмлэх байдлаар үгээр хүмүүжүүлэх хандлага гаргадаг бол хөвгүүдийг биеийн хэлбэрээр буюу алгадах, зодох байдлаар шийтгэдэг судалгааны дүн гарсан. Энэ хөвгүүдэд багаас нь аливаа асуудлыг хүчээр шийддэг юм байна гэх ойлголтыг ухамсарт нь суулгаж өгч байгаа хэрэг юм.
Энэхүү багийн хүмүүжил, нийгмийн хүлээлтээс эрчүүд ямар нэгэн асуудал гарахад хүчний аргаар шийдэх арга барилд суралцдаг байх нь. Мөн эмэгтэйчүүд аль болох асуудлаа бусадтай ярилцах байдлаар шийддэг бол эрэгтэйчүүд дотроо хадгалсаар байдаг. Ингээд архи уух, тамхи татах гэх мэт хортой зуршлаар стресс бухимдлаа тайлж зарим нь бүр гадагшлуулалгүй ужгирснаар сэтгэлзүйн асуудал нь хүндэрч амиа хорлоход хүрдэг байна.
Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байна.
Судалгаагаар сургуульд суралцаж буй хүн амын хүйсийн ялгаа 15 наснаас эхлэн бүлэг нэмэгдэх тусам ихсэж 16-19 насанд хүйсийн ялгаа хамгийн их байгаа юм. Нас ахих тусам эрэгтэйчүүдийн сургуульд хамрагдалт буурч байна. Мөн Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байгаа юм. Уг нь бол манай улсын хүйсийн харьцаа бараг тэнцүү бөгөөд эцэг эхчүүд хөвгүүдээ боловсролгүй байсан ч амиа аваад явна, охидоо л боловсролтой болгон хэмээн ханддаг нь боловсролын тэгш бус байдлыг бий болгож байна.
Эцэст нь ихэнх монгол эрчүүд 60 гаруйхан насандаа таалал төгсөж, 30 хүртэлх насандаа амиа егүүтгэж, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр дийлэнх нь өвчилж байна. Энэ бүхнээс үзвэл эрчүүд өдөр бүр нийгмийн тогтсон ойлголт хэмээх хүчтэй гав гинжинд хүлүүлж, хүчилхийлэлд өртдөг юм байна. Бид харах өнцгөө өөрчлөхгүй бол эрэгтэйчүүдийн эрх хумигдсаар, эцэстээ “Эрчүүдгүй” болох вий. Тэд уйлах газаргүй, эвийлэх нийгэмгүй байна.