Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700,000 ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
АНУ-аас олгож буй энэхүү 3 тэрбум төгрөгийн тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.