Түгжрэл, замын ачаалал ихэссэнээс шалтгаалан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Дээрх үр дүнг харгалзан албаныхан авто машины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэж дүгнэжээ. Гэхдээ үргэлжлэх эсэх нь иргэдийн саналаар шийдэгдэх юм.
Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа аж. 10 хоногийн дараа сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг ч албаныхан тооцоолж буй. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.