Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2023 онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчлийг илрүүлж, 1.4 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Мөн хууль тогтоомж зөрчсөн 24 улсын 395 гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэл:
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон (Албадан гаргах хугацаа 5 жил)
Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн (Албадан гаргах хугацаа 1-3 жил);
Түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн (Албадан гаргах хугацаа 1 жил)
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан (Албадан гаргах хугацаа 10 жил)
Сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон (Албадан гаргах хугацаа 10 жил)
Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн (Албадан гаргах хугацаа 5 жил)
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн (Албадан гаргах хугацаа 3 жил)
Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (Албадан гаргах хугацаа 3 жил)
Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй (Албадан гаргах хугацаа 1 жил)
Нийгмийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн (Албадан гаргах хугацаа 1 жил)
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн (Албадан гаргах хугацаа 10 жил)
Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон (Албадан гаргах хугацаа 1-10 жил)
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР