Иргэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID наалтаа очер дараалал үүсгэхгүй наалгах боломжтой юм.
RFID наалт нь ямар нэгэн төлбөр хураамжгүй бөгөөд АТҮТ-ийн оношлогоо бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа аж. Наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, эзэмшигчийн утасны дугаар,татвар, торгууль, оношлогоо гэсэн мэдээлийг агуулсан байна. RFID наалт нь уулзвар гарцан дээрх суурилуулсан камерт автомашины улсын дугаар уншигдан зөрчилтэй эсэх талаарх мэдээлийг дамжуулдаг “таг” аж. Тэгэхээр та АТҮТ дээр очерлох шаардлагагүй бөгөөд банкны апп ашиглан торгуулиа төлөөд оношлогооны хугацаа дууссан бол оношлогоондоо орж аль ойр цэг дээр очоод RFID наалтаа наалгах боломжтой аж.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилсан байдаг.
- 1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
- 2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
- 3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
- 4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой.
Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бичигдсэн торгуулийг 15 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх харин 15 хоногоос хэтрүүлбэл 50 хувь нэмэгдүүлэн төлөхөөр заасан.